Орон сууцанд гал гарсны улмаас хоёр хүн угаартаж, нэг нь амиа алдсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 27 дугаар байрны нэгдүгээр орцонд иргэн Ч-ийн байранд өчигдөр гал гарчээ. Энэ тухай дуудлага 23:31 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид галын аюулаас 19 хүнийг аварсан бол 65 настай эрэгтэй угаартаж нас баржээ. Харин 63 настай эрэгтэй Б угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, Яаралтай тусламжийн төвд хүргэжээ.
Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороололд цахилгаан шатанд гацсан согтуу эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргасан байна. Тус хорооллын 48/В байрны дөрөвдүгээр давхарт цахилгаан шат гацсаны улмаас хүн унах гэж байна гэх дуудлага өнгөрсөн шөнө 01:40 цагийн үед бүртгэгджээ. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж, согтуурсан үедээ цахилгаан шатанд гацсан 35, 37 настай эмэгтэй Я, Б нарыг эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.