Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарлаа. Захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулж, “Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгаа дэмжих гэхээр халдвар авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн ярилаа. Захирамжаар хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон юм. Мөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.
Холбоотой мэдээ