Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олсон байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар 18-20 метр секундын хүчтэй цасан шуурга шуурчээ. Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс долоон айлын 10 хүн сураггүй болсон аж. Улмаар хилийн 0184 дүгээр ангийн хилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэдийг эсэн мэнд олсон байна.
Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох хоёр тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.
Өмнө нь энэ оны хоёрдугаар сарын 16-нд шуурганаар сураггүй алга болсон хоёр иргэнийг хилчид олж амь насыг нь аварч байсан юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт цаг агаар муудаж, цасаар шуурч байхад Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нар малаа эргүүлэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон талаарх мэдээллийг Хилийн 0168 дугаар ангийн удирдлагад өгснөөр эрлийн ажиллагаанд оролцож малчдыг эсэн мэнд олж байсан болохыг Хил хамгаалах газраас мэдээллээ.