АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ PCR оношлуурыг 3 дугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ. Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовуурь багатай
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон гэдгийг онцолсон юм. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовуурь багатай мөн хямд өртөгтэй зэрэг давуу талтайг хэллээ. Монгол Улсын засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн Эрдэмтдийн бага энэхүү оношлуурыг хийж зах зээлд нэвтрүүлж байна. Нэг хайрцгаас 96 хүний шинжилгээг хийдэг. Шинжилгээний хариу 90 минутын дараа гардаг гэдгээрээ давуу талтай юм.
10,000 оношлуурыг ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС, СБДНЭ, болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилна
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС, СБДНЭ, болон УНТЭ, УХТЭ зэргийн лабораториудад уг оношлуурыг хуваарилах юм. Ийнхүү шүлснээс илрүүлэх шинжилгээ нь ийнхүү практикт нэвтэрч байна. Эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт олонд баярласан талархаснаа илэрхийллээ. Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний PCR оношлуурыг цаашдаа үйлдвэрлэн өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэллээ.