АНУ-ын Засгийн газар “Pfizer/BioNTech” компанийн бүтээсэн 12-15 насны хүүхдийн вакцинд өчигдөр (2021.05.10) зөвшөөрөл олгожээ. Тус улс нь өдгөө 16-гаас дээш насныханд “Pfizer/BioNTech”-ын вакциныг хэрэглэж байгаа юм. Гэхдээ АНУ-ын хүн амын дархлаажуулалтад хэрэглэж буй вакцинуудаас ганцхан “Pfizer/BioNTech” вакциныг 16, 17 настнуудад тарьж байна. Бусад үйлдвэрийн вакцинууд нь 18-аас дээш насныханд зориулагдсан юм.
Covid-19 авсан ихэнх хүүхдүүдээс ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, эсвэл маш хөнгөн өвчилж байгаа ба энэ нь бусдад вирус тараах эрсдэлтэй байгаа билээ. Pfizer” компани вакцинаа 12-15 насны 2260 хүүхдэд туршсан ба халдвараас 100 хувь сэргийлж байгаа нь нотлогджээ.
Канад улс энэхүү вакциныг дээрх насны бүлгийн хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн анхны улс болсон бол АНУ Канадын дараа хүүхдүүдээ “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах хоёр дахь улс болж байна. АНУ-ын хүн амын 46 орчим хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байгаа ч дөрөвдүгээр сарын дундаас эхлэн вакцинжуулалтын явц удааширсан. Өнгөрсөн сарын дундуур өдөрт дунджаар 3.3 сая гаруй тун вакциныг дархлаажуулалтад ашиглаж байсан бол тавдугаар сарын 4-ний байдлаар 2.1 сая тун болж буурчээ.