Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” хэргэм хүртээх ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:
“Эрдэмтэн судлаачид аа,
Академич цол хүртэгсэд ээ,
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнөө жил тохиож буй бол, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Шинжлэх ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн өдөр өчигдөр болж өнгөрлөө.
Та бүхэнд баярын мэндийг дэвшүүлье.
2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон.
Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:
- Физикч, математикч Жавын Даваасамбуу
- Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
- Биологич Жадамбаагийн Норовсүрэн
- Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
- Түүхч Цэдэндамбын Батбаяр
нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг олгож байна.
Судалгаа шинжилгээ, бүтээлээрээ шалгаран, эрдэмтдийн дундаас сонгогдон “Академич” хэргэмийг хүртэж байгаа эрдэмтдэдээ баяр хүргэж, үйлс бүтээл арвин байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хурдтайгаар өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд Монгол Улс, монголчууд амжилттай оршихын үндэс нь шинжлэх ухааны ололт амжилтыг эзэмших, инновац, шинэлэг нээлтүүдийг амьдралд нэвтрүүлэх юм. Бүтээмжийг дээшлүүлэх шинэ ололт, техник технологийн оновчтой шийдлийг гаргаж байдаг эрдэмтэд, судлаачдын үүрэг энд асар их байдаг юм.
Өнөөдөр академич болж байгаа эрдэмтэн судлаач бүр өөрийн салбарт онолын шинэ дүгнэлт судалгаа хийж, практикт нэвтрүүлэх аргачлал боловсруулсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн, эрдэмтэд судлаачдадаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна.
Монголын нийгэмд тулгарч байгаа нэг чухал асуудал бол шинжлэх ухааны байгууллагуудыг орчин үеийн нөхцөлд зохицсон бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтад шилжүүлэх, эрдэмтэн судлаачдад судалгаа шинжилгээ хийх, турших, амьдралд нэвтрүүлэх боломжийг бүрэн олгосон оновчтой тогтолцоог бүрдүүлэх болоод байна. Үүнийг хийж амжуулахад “Академич” гэх эрхэм цолыг хүртсэн Та бүхний оролцоо их байх ёстойг санаж цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг хүсье.
Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын эрдэм судлал цэгцтэй хөгжиж, өргөжин дэлгэрэх болтугай” гэлээ.