АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
5 сарын 16, 2018

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлаас батлаагүй, түүнчлэн Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн төсвийн хяналтын сонсгол нь Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтын дагууЗасгийн газраас явуулах нийтийн сонсголын асуудалд хамаарч байгаа. Иймд Улсын Их Хурал хүсэлтэд дурдсан асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож,иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ингээд холбогдох албан тушаалтнууд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл хийв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр хийсэн мэдээлэлдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газраас тус тус ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн гэв.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, яндан буулгах ажил энэ жил эрчимтэй хийгдэж байгаа. Түүхий нүүрс ашиглахыг хориглох шийдвэр гарсан, 2019 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжинэ, түүхий нүүрс орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдэл байгуулагдсан болно. Өнөөдрийн байдлаар 8 үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон гэв.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа ирэх 6 дугаар сараас төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд танилцуулах болно. Түүнчлэн БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум юанаас түрээсийн орон сууцанд зарцуулахад анхааран ажиллаж байна.

Үүнд, “Цэвэр агаар сан”-гийн Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн, санхүүгийн болон нийцлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах, тухайлбал, Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, “Цэвэр агаар сан”-д учирсан хохирлыг тодорхой болгож, уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах; Мөн төсөл хөтөлбөр тус бүр дээр гарсан зардал, үр өгөөжийн тооцоог хянан үзэж, буруутай этгээдэд хариуцлага тооцох.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, холбогдох яам, нийслэл, ТББ болон иргэдийн төлөөлөл оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.