ЭМГЭНЭЛ
5 сарын 18, 2021
Вандандоржийн БАТТУЛГА
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн гишүүн, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын гэрэл зургийн ууган мастеруудын нэг, нэрт гэрэл зурагчин, фото сэтгүүлч Вандандожийн БАТТУЛГА 2021 оны тавдугаар сарын 16-нд зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
В.Баттулга нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 оноос гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд 1981 оноос МРТУХ-оос ажлын гараагаа эхэлжээ. Монголын үндэсний телевиз, “Ардын эрх” сонин, Улсын гэрэл зургийн газар, “Монголын мэдээ” сонин, “Фотолинк” агентлагт фото сэтгүүлчээр ажиллаж байв. 2008 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байлаа. Тэрбээр Москвад Кино урлагийн дээд сургууль суралцсан бөгөөд эх орондоо “Магнум-Дорно дахинд” гэрэл зургийн сургалт, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Andrea Kunzig Lecturer International Institute for journalism InWEnt Berlin “News photography” гэрэл зургийн сургалт, “Загварын гэрэл зураг” сургалт, “Гёте” институт, “Гамма” агентлагаас зохион байгуулсан “Соёл болон уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн сургалтад тус тус суралцаж төгсжээ...
Гэрэл зургаараа БНМАУ-ын “Ажилчны урлагийн хоёрдугаар их наадам”-1-р байр. “Ажилчин ангийн яруу алдар”-1-р байр. “Спортын мэдээ-30 жил”-1-р байр. “Хувьсгалт хэвлэлийн 70 жил”- 3-р байр. СГЗ Ц.Нинагийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-1997” уралдааны ГРАН ПРИ. “Улаан загалмай гэрэл зургийн дуранд”-3-р байр. “Аз жаргалтай гэр бүл”-1-р байр. ЮНЕСКО-гийн Хүүхдийн сангаас зарласан “Хүүхдэд ээлтэй Монгол орон” гэрэл зургийн уралдааны Тэргүүн байр. БОАЖ Яамнаас зарласан “Монгол орон” уралдааны 1-р байр.“Монос цэцэглэлээ” уралдааны 1-р байр. “Даяарчлал ба Монгол орон” уралдааны 1-р байр. Олон улсын мотоциклын холбооны 100 жилийн ойн Олон улсын гэрэл зургийн уралдаанд дэд байр. Ц.Батзоригийн нэрэмжит “Шилдэг гэрэл зураг-2004” уралдааны ГРАН ПРИ. “Хана хэрэм” уралдааны 1-р байр. “Цэвэр агаар бэлэглэцгээе”-1-р байр. “Өнгө ба хар цагаан-2”-Тэргүүн байр. “Хөгжил дагуулсан-20 жил”-1-р байр. “Сүүн цагаан өвөл”-Тэргүүн байр. “National geographic Мongolia” сэтгүүлээс зарласан “Хотжилт ба хүмүүс” Тусгай байр. “Өнгө ба хар цагаан-3”-3-р байр. “Жендерийн эрх тэгш байдал миний нүдээр” уралдааны Тэргүүн байр. “Амрыг эрье” тусгай байр. “Улаанбаатар хотын хөгжил, Бүтээн байгуулалт” уралдааны тусгай байр зэрэг хэдэн арван уралдаанд амжилт гаргаж байв.
Гэрэл зургийн бүтээлээрээ бие даан “Дэл уулын хадны зураг”, “Монгол улсын одон ба медаль 1924-1992”, “Алтан тэвшт Мөнгөн амсарт Бигэр нутаг”, “Мандан бадарсан Мандах нутаг”, “Мэлмийгээр гийгүүлэгч”, “Монгол орны хадны зураг” зэрэг гэрэл зургийн цомог, “Гэрлээр бичих урлаг 1,2” гэрэл зургийн сурах бичиг зэргийг хэвлүүлж, олонд хүргэжээ. Хамгийн сүүлд буюу 2020 онд “Монголын Гэрэл зургийн Түүхэн товчоо” номыг санаачлан, эмхтгэн хэвлүүлээд байлаа.
2013 онд бие даасан, бүрэн хэмжээний ”Гэрлээр бичсэн миний Ертөнц” үзэсгэлэнгээ дэлгэсэн. МСНЭ-ийн “Ган үзэгтэн”, МХХ-ийн 2002 оны шилдэг фото сэтгүүлч, Их Монгол-800 жилийн ойн шилдэг фото сэтгүүлч, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол-800 жилийн ойн Чингис медаль, “Үндэсний сэтгүүлзүйн 100” ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулжээ.
Гэрэл зургийг урлагийн хэмжээнд бүтээсэн уран бүтээлч, олон арван шавь төрүүлсэн мастер багш, фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөл болсон эрхэм хүн Та нийт гэрэл зурагчин, сэтгүүлч, хамтран зүтгэгч биднийхээ зүрх сэтгэлд үүрд орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ