Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг өргөтгөсөн хуралдаан хийж энэ сарын 11-ний өдрийн байдлаарх бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн даргаар ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом ажиллаж буй.
Өргөтгөсөн хурлын өмнө хил дээр хамтын ажиллагаатай гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн байгууллагууд болон авиа компанийн зарим удирдлага, холбогдох мэргэжилтнүүд шинэ нисэх буудлын зарим тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, бэлтгэл ажлын явцтай танилцав.
Иргэний нисэхийн үндэсний төвийн Дэд дарга Н.Мягмарсүрэнгийн танилцуулснаар ИНЕГ-аас хэрэгжүүлэх 72 ажил 89.2 , шинэ нисэх буудлыг концессын гэрээгээр удирдаж буй “НУБИЭ” ХХК-аас хэрэгжүүлэх 69 ажил 81, нийт гүйцэтгэл 85.1 хувьтай явж байна. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн А/61 дугаар тушаалаар 34 хүний бүрэлдэхүүнтэй “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийг байгуулаад байна. Тус төв “Чингис хаан” ОУНБ-д байрлан нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний нарийвчлан төслийг боловсруулж, “НУБИЭ” ХХК-тай тогтмол уулзалт хийж, санал солилцон хамтарч ажилласаар байгаа юм. “Чингис хаан" ОУНБ-ын үйл ажиллагааг 2021.07.04-ний өдөр нээхээр төлөвлөж, Монгол Улсын Улаанбаатар хот руу нисэн ирэх болон нисэн хөөрөх бүх арилжааны нислэгүүдийг Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ-д үйлдэх талаар холбогдох /NOTAM/ мэдээллийг олон улсад зарлах ажил зохион байгуулагдаад буй аж. Ингэснээр шинэ нисэх буудал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа тодорхой болж Буянт-Ухаа ОУНБ-аас зарим ажилтныг үе шаттай шилжүүлэх ажил эхэлсэн байна.
Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-аас “Чингис хаан” ОУНБ-д ирэх авто замын маршрутыг үндсэн болон нөөц хувилбараар гаргаж, батлуулах, нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Скай катеринг ХХК, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК болон бусад байгууллагуудтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулан шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргаж ажиллаад байна.
Түүнчлэн агаарын хөлөгт шатахуун хангамжийн болон газрын тусгай үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийвчлан шалган баталгаажуулах ажлууд хийгдээд байгаа талаар ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын Нисэх буудал хариуцсан менежер Б.Ганхуяг хуралд оролцогчдод мэдээлэл өглөө.
Мөн хурлын үеэр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ю.Бямбадорж Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүрэх нийтийн тээврийн төлөвлөлтийг танилцуулсан. Төлөвлөлтөөр хотын дөрвөн цэгээс шинэ нисэх буудал руу автобус явуулах төсөл боловсруулжээ.