УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлт болон Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилтийн талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонслоо.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах долоон чиглэлийн 146 арга хэмжээг, Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэлдээ дурдсан.
Дээрх хуулиуд батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай шинээр баталсан хуулиудын зохицуулалтыг нийцүүлэх, 1993 оноос эхлэн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг гүйцэтгэжээ. Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд 14 зөрчил, 3 хийдэл илэрчээ. Тиймээс эдгээр нэр бүхий хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангасан байна.
Малын генетик нөөцийн тухай хуулийг дагалдан гарах захиргааны хэм хэмжээ тогтоох 13 журам, 18 заавар, стандарт, стратеги төлөвлөгөө, жишиг үнэ, тоо тогтоох акт, технологийн карт, аргачлал зэрэг нийт 44 төслийг боловсруулж, яам, агентлагийн цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлэн батлах арга хэмжээг хэрэгжүүлж буй аж. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг дагалдан гарах журам заавруудын төслийг мөн боловсруулан хэлэлцүүлж байгаа гэлээ. Хуулиудыг олон нийтэд сурталчах зорилгоор эмхэтгэн хэвлүүлж 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, салбарын харьяа байгууллагуудад хүргэж, хууль сурталчлах арга хэмжээнд 3000 гаруй мэргэжилтэн, малчдыг оролцуулсан байна.
Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой Мах, сүүний анхдугаар аяны таван зорилтын хүрээнд 50 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2017 оны урьдчилсан дүнгээр 81.2 сая литрт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 28 хувиар нэмэгдсэн байна.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 24.9 мянган тоннд хүрч 2.7 дахин нэмэгджээ. Тэжээл тариалалтыг нэмэгдүүлж 2017 онд 43.8 мянга га талбайд тэжээлийн таримал тариалж, 34.6 мянган га талбайгаас 36.9 мянган тонн ургац хураасан байна. ОХУ-аас “Герефорд” үүлдийн 150 толгой, ХБНГУ-аас “Лимузин” үүлдрийн 60 толгой үхэр авсан бөгөөд эрчимжсэн аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр ханган ажиллахаар зорьжээ.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээ 24.9 мянган тоннд хүрч 2.7 дахин нэмэгджээ. Тэжээл тариалалтыг нэмэгдүүлж 2017 онд 43.8 мянга га талбайд тэжээлийн таримал тариалж, 34.6 мянган га талбайгаас 36.9 мянган тонн ургац хураасан байна. ОХУ-аас “Герефорд” үүлдийн 150 толгой, ХБНГУ-аас “Лимузин” үүлдрийн 60 толгой үхэр авсан бөгөөд эрчимжсэн аж ахуйнуудыг сайн чанарын цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгчээр ханган ажиллахаар зорьжээ.
Малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж сүүний чиглэлийн үхрийн 54 аж ахуйн нэгжид 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Франц улсаас 2017 онд мах, нарийн ноосны чиглэлийн 657 толгой хонь импортолж, үржлийн аж ахуй байгуулсан байна.
Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 107 худгийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ. Өндөр ашиг шимтэй сүү, махны чиглэлийн импортын 2662 үрээр 1331 үнээг зохиомлоор хээлтүүлж, 76.1 хувийн амжилттай байгааг сайд дурдсан.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, малын шилжилт хөдөлгөөн хийх, тууварлах зэрэг асуудлыг тусгасан хуулиудын талаарх мэдээллийг малчдад, мэргэжилтнүүдэд хүргэж ажиллахыг салбарын яамныханд захьсан.