ОУХМ Б.Хаш-Эрдэнэ чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо
5 сарын 17, 2018

Чөлөөт бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотод болж байна. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа юм. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг гэсэн 10 жингийн урьдчилсан барилдаан болсон.

Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2014 оны оюутны ДАШТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Бямбадоржийн Хаш-Эрдэнэ алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Москвагийн дэвжээнд 1/4 шигшээд Швейцарийн Рэнди Вокыг 5:0-ээр, хагас шигшээд Ираны Мохаммад Намжомотлаг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Александр Медведь, Дмитрий Коркиний ОУТ-ий хүрэл медальт, эзэн орны якут бөх Дмитрий Аксеновыг 9:4-өөр тус тус ялсан юм.

Б.Хаш-Эрдэнэ манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон долоо дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал 2017 онд түрүүлж байв.