-Д.СОСОРБАРАМ ШИГ ТЭМЦСЭНЭЭС ЧИМЭЭГҮЙ СУУХЫГ ИЛҮҮД ҮЗЭГЧИД ОЛШИРСОН НЬ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТ БАЙГААГИЙН Л ИЛРЭЛ-
Монгол улсын Тэргүүн шадар сайд асан Да.Ганболдтой ярилцлаа.
-Хорих ангид хэдэн сар болчихов, та?
-Арван сар хагас.
-Тэнд арван сарыг өнгөрөөчихөөд гарч ирэхэд юу бодогдож байх юм?
-Мэдээж хэн ч олигтой газар гэхгүй. хүсч ордог хүн гэж хэн байхав. анхнаасаа урт хугацаа сонссон л доо. Давах шатны шүүх тэр хугацааг гурав дахин багасгаж жил болгосон. Нэг жилийг даадаггүй улстөрч гэж юу байхав.
-Дээд шүүх таныг хугацаанаас нь өмнө суллалаа. Хугацаанаасаа өмнө гарчихна гэж бодож байсан уу?
-мэдэж байсан. хэрэг хийгээгүйгээ ойлгож явсан хүний хувьд ямар систем ажиллаад, яагаад тэнд орсноо маш сайн мэдэж байсан учраас гомдох, гутрах, цочирдох мэдрэмж бараг байгаагүй.
-Бараг гэхээр…?
-Манай шүүхийн тогтолцоо сонгодог сайндаа багтах нь битгий хэл хамгийн муудаа орчихсон тууж яваа. Өөрөөр хэлбэл, бүрэн шударга биш. Зөөлнөөр яривал арын хаалга, улстөржөөд чангаар яривал хонгил, бүр том хатуугаар хэлбэл улс төрийн хэлмэгдүүлэлтийг ганц манай улс туулж яваа юм биш л дээ. Коммунизмаар явсан бүх улсын туулсан зовлон. Тийм юм байдгийг мэднэ. Гэхдээ яг өөрт нь тийм зүйл тохиолдохгүй байлгүй дээ гэсэн бодол хүн бүрд байдаг юм билээ. бид тэдний л нэг байсан. тэр утгаараа бараг цочирдоогүй гээд байгаа юм. Олон хоригдолтой уулзлаа. Үнэхээр хэрэг хийгээд орсон нь ч байна. хэлмэгдээд орсон нь харьцангуй цөөхөн, гэхдээ байна. хэлмэгдэж байгаагаа мэдээд орж ирсэн нь ялаа харьцангуй тайван хүлээж авдаг, мэдэхгүй ороод ирсэн нь шоконд ордог юм билээ. Би мэддэгийнх нь нэг байсан.
-Хүнийг хэлмэгдүүлдэг бүхэл бүтэн машин ажиллаж байна гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ хэр ортой яриа бол?
-Шүүх, тэр дундаа прокурор, мөрдөн байцаах, атг-ын дунд аюултай муухай хэлмэгдүүлэлтийн механизм ажилладаг нь өнөөдөр их тод харагдаж байгаа.
Би үүнийг улс төр гэсэн тодотгол дор яримааргүй байна. Бүхэл бүтэн каст, анги, бүлэг гарчихаж.
-Хонгилын шүүх гээд ярихаар цаад шалтгаан нь улс төр шиг санагддаг. Тийм биш гэж үү?
-Хонгил гэдгийг би хувьдаа зөвхөн улс төрийн нүдээр харахгүй байна. Мөнгө олдог нэгэн том салбар бий болжээ л гэж харсан. Таван жилийн ял авч болох байтал 20 жил хорих шийд гаргадаг, нэг жил яллах хэрэгт гурван жилийн ял оноодог үзэгдэл хавтгайрчихаж. Би хоригдох хугацаандаа Эрүүгийн хуулийг сайн харлаа. Өмнө нь мэргэжлийн хувьд, хуульчийн нүдээр харж судалж үзсэн удаагүй юм билээ.Эрүүгийн хуультай холбогдоно гэж бодож, төсөөлж явсангүй л дээ. Хэрэгтнүүдийн наяас дээш хувьд нь дандаа хуульд заасан хугацааны дээд ялыг өгдгийг их тод анзаарлаа. Хуульд 1-5 жилээр шийтгэнэ гэж заасан байлаа гэхэд 80 хувьд нь 4-5 жилийг өгдөг гэсэн үг.
-Ялын хэмжээг тулгаж өгдөг тохиолдлуудын дийлэнх нь эгэл жирийн хүмүүс байна уу, эсвэл…?
-Хоёр талтай. Мөнгөгүй хүмүүсийн тухайд ял өгөхдөө дунд хавьцааных нь шийтгэлийг оноож байна. Саагаад юм гарахгүй учраас. Сааж болох тохиолдолд дандаа дээд ялыг нь өгч байна. Дунд ба дундаас дээш амьжиргаатай хүмүүсийн тухайд дээд ял өгөөд байгаа анзаарагдсан. Дор хаяж нэг сая төгрөг ч болтугай сааж болно гэж харж байна л даа. Хүнийг хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь 77 дахь асуудал болчихож.
-Хэрэгт орсон хүнийг барьж аваад хорьсон бол байгаа бүхнийг нь саах санаатайгаар л ял оноодог болчихсон гэж хэлээд байна уу, та?
-Ер нь тийм санаатайгаар ял оноодог юм байна.
-АН сонгуулийн өмнөхөн нэг мэдэгдэл хийлээ л дээ. Шоронд хоригдсон гишүүдээ үзэл санааны хоригдлууд гэж зарлалаа. Яг хоригдох үед нь ямар ч мэдэгдэл хийгээгүй хэрнээ яагаад заавал сонгуулийн өмнө гэнэтхэн ухаарав аа гэсэн бодол төрсөн шүү?
-Сонсонгуутаа шууд хариулж болдог асуулт гэж байна. Шууд хариулах аргагүй, гурав, долоо хоног, магадгүй хэдэн сар жилээр бодож байж хариулах асуулт ч байна.
-Миний асуулт тийм байна уу?
-Ер нь тийм асуултдаа багтаж байна. Дэлхийд сонгодог социализмаар явчихсан, нэг намын ноёрхолд хэдэн арван жил болсон улс хуруу дарам цөөхөн. Гарын таван хуруунд багтах байх. Эхнээсээ хоёрт нь, ЗХУ-ын дараа манай улс жагсдаг. Тэр үеийн түүхийг өнөөдрийн залуус мэдэхгүй. Насаар ахимаг хэсэг нь мэдэх ч өдөр тутмын асуудалдаа түүртээд ихэнх нь яг юу болж өнгөрснийг бараг мартчихсан. Талбайн баруун талд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөг хэдэн хүн сэтгэл зүрхээрээ зорьж очоод, чин үнэнээсээ юу бодож зогсдгийг би мэдэхгүй. Олон биш ч бий байх. Миний хувьд яг одоо танд тэр системийн нэг онцлогийг яримаар байна. Тийм системд юуны өмнө онилсон хүнээ улс төрийнх нь хувьд золигт гаргадаг. Олон нийтэд жигшүүлэх уур амьсгалыг бүрдүүлж өгдөг, тийм суурийг нь тавихад анхаардаг. Нийтийн мэдээлэл гэж гарснаас хойш энэ систем ажиллаж эхэлсэн л дээ. Сонин, радио, сүүлдээ телевиз, өнөөдөр бол сошиал тэр үүргийг гүйцэтгэж байна. Эхлээд олон нийтийн уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд “Энэ муухай, буруутан, хулгайч, дайсан” гэж цоллодог. Тодорхой хугацааны дараа өнөө хүмүүсийг хууль шүүхээр буруутгаад эхлэнгүүт олон нийт “Сонин, хэвлэлээр тэгж шүүмжлээд байсан, үнэн байх нь” гэж шуугьдаг, тэгээд хэсэг хугацааны дараа өнөө хүнээ баривчилчихдаг. Баривчилсан үед нь ямар ч хүмүүс гайхдаггүй юм байна л даа. Гишүүдийг нь хоморголж баривчлах үед АН ч ийм өнгөөр хандсан байхыг үгүйсгэхгүй. Нээрээ буруутай бол яах билээ гэж болгоомжлоод хоморголон өмөөрөөгүй байж болох шүү дээ.
-Таныг Дубайн төлөвлөгөөг батлахад оролцсон гээд яллачихсан. Засгийн газар Дубайн төлөвлөгөөг цуцална гэж мэдэгдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт ч ийм утгатай өгүүлбэр тусчихсан яваа. Ингээд харахаар Дубайн төлөвлөгөө гэж хадны мангаа байна, тэгэхээр тэр төлөвлөгөөг баталсан хэн ч ардын дайсан гэсэн ойлголт олон нийтэд төрчихөөд байна л даа…?
-Хоёулаа гэрээ байгууллаа гэхэд хоёр талаас наймаалцаж байгаад хувиа тохирно оо доо. Оюу толгой дээр яг ийм зарчмаар 34, 66 гэж эзэмших хувиа тохирсон. Өөр бололцоо байгаагүй. Тэрийг нь би биш, УИХ нь шийдвэрээ гаргаад баталчихсан. Чингис хааны байгуулсан Их Монгол Улс яагаад бутрав, хэний буруу байв гэдгийг одоо шүүх аргагүй. Тэр хүн өдийд 800 гаруй настай өвгөн байлаа гэж төсөөлье. Их Монголыг бутаргасан,төрийн нэгдмэл байдлыг хангаж чадаагүй гээд Чингисийг Эрүүгийн хуулиар яллаад шоронд хийж болох уу. Өнөөдрийн өөртөө тохиолдсон жишээг харвал ингэж буруутгаад шоронд хийх боломж манай нийгэмд байна. Хийсэн нүглийг хоёр янзаар үнэлнэ. Хийж чадах хэмжээндээ хийгээд, хэзээ хожим эргээд харахад мэдлэг, туршлага яалт ч үгүй дутсан байж болно. Гэхдээ энэ эрүүгийн гэмт хэрэг биш байхгүй юу. Тамирчин хүн олимпод ороод алт авч чадалгүй хүрэл авах нь гэмт хэрэг биш. Өөрөөр хэлбэл, Дубайн төлөвлөгөөнд санасан хэмжээнд Монголын сонирхлыг хангаж чадаагүй гэж үзэж болно. Гэвч тэр нь эрүүгийн хэрэг биш. Гэтэл өнөөдөр ард түмний хуулийн мэдлэг дутууг далимдуулж “Эд нар буруу юм хийсэн учраас буруутай” гээд эрүүгийн ял оноож байна. Харин мэдсээр байж худалдагдсан, хахууль авсан бол гэмт хэрэг. Өнөөдөр Оюу толгойг ашигтай, ашиггүйг дүгнэх цаг болоогүй. Далд уурхай гэхэд л дараа жил ашиглалтад орох гэж байна. Бид зургаан жилийн өмнө далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зураагүй бол юун хойтон жил тууз хайчлах манатай сууж байгаа. Дубайн төлөвлөгөөний хувьд ийм маягаар тохирох гэж байна шүү гэдэг төслөө Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлж “Гарын үсэг зур” гэсэн зөвшөөрөл аваад хийсэн ажил. Зөвшөөрөл олгосон Засгийн газрын хуралдаанд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг нь У.Хүрэлсүх. У.Хүрэлсүх тухайн үед Шадар сайд байсныг нь та мэдэж байгаа. Хэрэв үнэхээр илт хууль бус бол тийм шийдвэр гаргуулахгүй буцаахад нөлөөлөх бүрэн боломж тухайн үеийн Засгийн газрын гишүүдэд байсан. Та бод доо, тухайн үед Засгийн газар нэг биш дөрвөн удаа хуралдаж шийдвэр гаргасан. Үнэхээр хууль бус байсан бол тэр олон удаагийн хурлын үеэр хүчтэй эсэргүүцэж болох шүү дээ. Миний хувьд учраа олохгүй залуу хүн биш учраас улс төрийн тоглоом гэдгийг, хаанаас хэн ямар чулуу шидсэнийг, яагаад намайг буруутгав гэдгийг мэдэж байсан учраас цочирдож, гомдож янз бүр болоогүй хэрэг л дээ.
-“Баялагтаа эзэн Монгол” гэхээр бид баялгийнхаа эзэн болох нь гэсэн хөөрөл массын дунд давамгайлж байна л даа…?
-Сая таны хэлсэн уриаг амлалт болгосон нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон хойноо нэг л зүйл хэлнэ. “Монгол Улсын төр та нарын нэрийн өмнөөс энэ уурхайг эзэмшинэ гэсэн биз дээ, тэгээд би хураасан. Ард түмний нэрийн өмнөөс эзэмшээд яваа, би худлаа яриагүй” л гэнэ. Жишээ нь танд эзэмшдэг уурхай бий юү?
-Яалаа гэж байхав дээ.
-Харин тийм, үүнтэй л адил шүү дээ. Таны эзэн суусан нэг ч уурхай байхгүй. Хэзээ ч байх боломжгүй. Тэр байтугай надад, У.Хүрэлсүхэд өөрт нь ч эзэн суусан уурхай байхгүй. Гэхдээ “Баялагтаа эзэн Монгол” гэчихээр малаа хариулж яваа иргэн Батаа “Намайг эзэн болгох гэж байна, надад мөнгө өгөх нь” гээд ойлгочихдог. Яг нарийндаа тэр малчинд мөрөөдөөд яваа баялаг нь түй ч хамаагүй. Бүх ордыг хэн нэгэн авлаа гэхэд иргэн Батаа биш улс авна. Улс авна гэдэг чинь эрх мэдэлтэй 5000 хүн л иднэ гэсэн үг. УИХ-ын гишүүн, гишүүний хамаатан, яам тамгын газрын дарга түшмэдэд л хамаатай ойлголт. Төсөв босгодог, төсвийн мөнгө иддэг эрх мэдэл төрөөс өөр хэнд ч байхгүй. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх ба МАН үүний төлөө ажиллах гээд байна л даа. Ард түмний мэдэлд байлгана гэдэг уриа бүрийн цаана цөөхөн хэдэн хүний ходоодны сонирхол, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх эх үүсвэр байдаг юм.
-Эрх мэдэлтнүүд зүгээр л ард түмний нэрийг барьж иддэг гэж үү?
-Яг тийм. “Бамбарууш” кафе гэж та түрүүн асуултдаа дурдлаа. Яг үнэндээ “Бамбарууш” кафег мэддэг монгол маш ховор. Залуус бүр сургийг нь ч дуулаагүй, огт мэдэхгүй. “Бамбарууш” кафены асуудал уг нь хотын захиргааны нэг жижиг даргын шийдчих асуудал. Шоронд орчих байх гэж айгаад хэн ч шийдвэр гаргахаа больчихсон. Яг ийм шалтгаанаар “Бамбарууш” кафены асуудлыг Монголын Засгийн газар шийддэг болчихоод байна. Ганцаараа шийдэх л юм бол шоронд орно гэсэн сэтгэлгээ тогтчихлоо. Төрийн өмч гэдэг чинь эрх мэдэлтнүүд ард түмний өмнөөс шийдээд явахын нэр шүү дээ.
-Манайх шиг зах зээлийн нийгмүүдэд “Муусайн баячуудын хөрөнгийг хураагаад та нарт тараана” гэсэн утга, өнгөтэй лоозон хэр нөлөөтэй байдаг юм бол. Социализмаар далан жил явчихсан учраас л бидэнд амь бөхтэй оршоод, үйлчлээд байна уу?
-Зүүний буюу коммунизм, социализмын лоозонгууд ер нь үр нөлөөтэй байдаг. Америкт ч тодорхой хэмжээгээр нөлөөтэй байгаа нь анзаарагддаг. Тийм учраас тодорхой хэмжээнд коммунист, социалист намууд, зүүний хөдөлгөөнүүд одоо хүртэл амь бөхтэй оршсоор яваа. Тоо хэмжээ нь их бага эсэхээс хамаарч хүчтэй, хүчгүй янз бүр байдаг юм. Ядуу хэсэг олшрох тусам хураана, үнэгүй болгоно, тараана гэсэн зүүний амлалт хүчээ авдаг л даа. Гэхдээ тийм уриагаар гарч ирчихээд уриагаа ажил болгосон түүх байдаггүй. Коммунизм байгуулна гэсэн уриа Зөвлөлтөд, Монголд байсан, өнөөдөр Хойд Солонгост байна. Товчхондоо нийгэм ядуу байх тусам ийм өнгөтэй лоозонгууд хүмүүст таалагддаг. Бүр тодруулж хэлбэл, мөнгө тараана гэсэн амлалт иргэдийг улам ядууруулдаг, ажил хийх дургүй сэдлийг нь илүү хүчтэй болгодог. Үүнийг бүх дэлхийн сурах бичигт бичиж, ярьсаар өнөөг хүрсэн. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав энэ үнэнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
-Популизм урт настай эд биш гэж Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлж байсан л даа. Түрүүн та популизмыг хүний амьдралын хувьд багагүй хугацааны настай байж мэднэ гэсэн утгатай үг хэлчихлээ. Тэгэхээр популизм биднээс мөддөө салахгүй нь ээ?
-Ард түмний ойлголт, мэдрэмж, боловсрол, төлөвшил, хүмүүжил гэдэг бол маш удаан өөрчлөгддөг процесс. Бруног шатааснаас хойш хэдэн зуун жилийн дараа нарыг дэлхий тойрдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн. Гэтэл эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, шүүхийн тогтолцоог нар, сар, гарагийн хөдөлгөөн шиг ойлгоогүй хүн өчнөөн бий. Нарыг дэлхий тойрдог шүү гэсэн ойлголтыг нялх хүүхдийн толгойд хүчээр хийж өгч чадаж байна аа даа. Хууль эрх зүй, шүүх ийм байх ёстой, эдийн засаг ингэж байж хөгждөг гэх мэт ойлголтыг яг ингэж хүн бүрийн толгойд хийж өгөх тогтолцоо улстөрд хараахан бүрдээгүй байна. Он, сар, жил шаарддаг процесс үргэлжилсээр байна аа л гэсэн үг.
-АН салж бутарсан, АН-ын нөлөө бүхий гишүүд нь намаасаа нэр дэвшсэн хүнийг илтэд дэмжихгүй гэх мэт танай нам тойрсон өчнөөн асуудал байна л даа. Та намынхаа талаарх сэтгэгдлээ хуваалцаач, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн тухай ямар бодолтой явааг чинь ч сонирхмоор байна?
-Анхнаасаа энэ намыг үүсгэн байгуулсан гэдэг утгаараа АН-ын эсрэг явах, АН-ын суурь үзэл бодол, алс холын ирээдүйд эргэлзэх эргэлзээ байхгүй цөөхөн хүний нэг нь би болов уу. Салсан бутарсан гэдэг нь өнөөдрийн бодит зовлон гарцаагүй мөн. Хагарсан нам ялахад хэцүү, ялах бололцоог эрс багасгадаг, бүр шансгүй болгодгийг дэлхий нийтийн туршлага харуулдаг. Тийм учраас санаа зовж, харамсаж, гутарч байна. Гэхдээ үзэл санаа гэж том үнэ цэнэ бий. Монгол Улсаа ардчилсан замаар яваасай гэж хүсч байна. Манай намын хувьд мотор нь цохичихсон ч юм уу, масло тосгүй болсныг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд янз бүрийн хувилбар гарч болно. Ямар ч байсан манай намын үзэл санаа, бодол Монгол Улсын хөгжилд хэрэгтэй тухай би ярьсаар байх болно. У.Хүрэлсүх ялаад гараад ирсэн ч үүнийг ойлгоосой гэж бодож суугаа. Нийгэмчлэх, хураах, гадны хөрөнгө оруулалтыг хумих гэх мэт хэцүү бодлогыг зөвшөөрдөггүй хүмүүс Монголд өчнөөн бий гэдгийг ойлгуулахын төлөө би л хувьдаа үгээ хэлсээр явна. Миний хувьд Д.Энхбатыг хувь хүнийх нь хувьд сайн мэднэ. Сайн хүн. Монголын урдаа барих сэхээтэн.
-С.Эрдэнэ нэр дэвшигчийг юу гэж дүгнэх вэ. Танай намын нөлөө бүхий гишүүд лав нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаад эхэлчихсэн…?
-С.Эрдэнийг сайн, муу гэж дүгнэмээргүй байна. Янз бүрийн шалтгаанаар С.Эрдэнийн шанс унаж байна гэж үзэж суугаа АН-ын гишүүд бийг үгүйсгэхгүй. Дахиад хэлэхэд, миний хувьд үзэл бодлынхоо тухайд АН-д хэзээд үнэнч. Гэхдээ АН хагарч бутарсан ийм хүнд хэцүү үед манай намын дотор үзэл санаанаасаа ухраагүй атлаа У.Хүрэлсүхийн тарааж буй мөнгөнөөс хүртье гэсэн хүмүүс байгаа нь буруу, сөрөг үзэгдэл биш. Тэглээ гээд тэд үзэл санаанаасаа ухрахгүй. Энэ чинь прагматизм. Гэмт хэрэг биш.
-Эрдэнэтийн 49 хувийг төр хувийн хэвшлээс булаагаад авчихсан юм уу, эсвэл үнэхээр хууль бус зүйл байсан учраас Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд байна уу гэсэн эргэлзээ нийгэмд байх шиг…?
-Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан явдал уг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гавьяа. Энэ гавьяаг үнэлэх цаг ирнэ гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Гэхдээ хууль ёсоор уу, хууль бусаар уу гэдэг нь жич асуудал. Хууль бус юм бол буруу гэдгийг нь дүгнэх ёстой. Шүүхээр нотлох ёстой. Одоо хүртэл нотлоогүй хэрнээ хувийн хэвшлийн эзэмшиж байсан хувийг төр нь булаагаад авчихсан. Хууль бус юм хийсэн байж магадгүй гэж хардсан Д.Эрдэнэбатыг Б.Болортой нь суллачихлаа. Тэгэхээр эцсийн шийд гараагүй гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, Эрдэнэтийн 49 хувийг буруу, зөв авсан эсэх дээр эцсийн хариу гараагүй. Гэтэл МАН 2016 оны сонгуулиар Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан гэж улстөржиж, популизмаар тугаа хийж үнэмлэхүй ялалт байгуулж 65-уулаа болсон түүх өнгөрсөнд бий.
-Монгол Улс Оюу толгой дээр үнэхээр тэгтлээ хохирчихоод явна уу, эсвэл манай Засгийн газрын популизм хэтрээд байна уу?
-Иргэдийнхээ мэдээлэл муутайг далимдуулж “Оюу толгой төсөл ашиггүй, Монголд хортой” гэсэн улстөржилт төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор ирлээ л дээ. Социализмын үед капитализмыг ялзарч сөнөсөн нийгэм гэж ухуулж байсан шиг л зүйл. Оюу толгой дээр зуун хувь Монголын сонирхол хангагдсан гэж мэтгэхгүй. Хэдий тийм ч гэрээнд тохирсон ёсоор Монголын ашиг сонирхол хангагдсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Оюу толгойн гэрээ хэлцлүүд, түүний дотор Дубайн төлөвлөгөөгөөр тохирсон Монголын сонирхол хангалттай хангагдсан, түүгээр ч барахгүй 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр дутуу шийдсэн, ашиггүй шийдсэн олон асуудлыг ашигтай бөгөөд бүрэн шийдсэн олон асуудал бий. Би энэ сэдвээр хэнтэй ч мэтгэлцэхэд бэлэн. Даанч ганцхан хүн энэ талаар яриад нэмэргүй, далайд живчихээд байна. Гурван сарын дараа арбитрын хурал эхлэх гэж байхад ашигтай юу үгүй юу гэдгээ дүгнүүлээгүй сууж байдаг Засгийн газар гэж юү байхав дээ. Оруулсан хөрөнгө оруулалтаасаа хоёр дахин илүү алдагдал хүлээх гэж байна гэсэн солиотой тоо хэлээд суугааг би хувьдаа ойлгохгүй байгаа.
-Сүүлийн асуулт. Та ярианыхаа эхэнд хүмүүст ял оноохдоо хуульд заасан хэмжээний хамгийн дээдийг нь өгөөд байна гэж хэлсэн. Шалтгаан нь юундаа байна вэ, өнөөгийн улс төрийн тогтолцоонд байна уу?
-Энэ бол дан ганц улс төрийн асуудал биш. Ц.Нямдорж гэдэг хүн сүүлийн 20 гаруй жил Хууль зүйн сайд, дэд сайдын албыг хашсан. Өөрөөр хэлбэл, хууль зүйн тогтолцоонд энэ хэмжээний урт хугацаанд ямар нэг байдлаар нөлөөлсөөр ирсэн гэсэн үг. Дээд ял өгнө гэдэг нь шүүхийн тогтолцооны зорилгын философийн асуудал. Хүнийг засан хүмүүжүүлэх гэдэг нэртэй ч засан хүмүүжүүлэх гээд байна уу, залхаан цээрлүүлэх гээд байна уу гэдгийг ялгаж салгаж харах цаг болжээ л гэж харж байна. Дарангуйлагч нийгмийн хувьд залхаан цээрлүүлэхийг илүүд үздэг. Э.Бат-Үүл, Д.Сосорбарам шиг тэмцэж явснаас чимээгүй суусан нь дээр гэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр яваа гэдэг чинь залхаан цээрлүүлэлт байна гэсэн үг. Шоронжуулах, айдсаар нь удирдах аргадаа гаршчихаж. Үйлдсэн зөрчлөөсөө хэд дахин чангадсан ял эдэлж суугаа 20-40 настай залуус хэдэн мянгаараа хоригдож байна. Өөрөөр хэлбэл, Монгол даяараа айдас, хүйдсийн өнгө аяс давамгайлж, залхаан цээрлүүлэлт хавтгайрчихсан гэсэн үг. Хууль, шүүхийнхэн өмгөөлөх гэж, ялыг нь багасгах гэж, ер нь бүх шатандаа иргэдийг юу ч үгүй болтол нь сааж байна. Дахиад хэлье, тэр хонгилыг бий болгосон гол хүн Ц.Нямдорж.10 мянган хүнд оногдох хоригдлынхоо тоогоор Монгол улс дэлхийн эхний хэдэн улсын тоонд орчихсон яваа шүү, та нарийн тоог нь сонирхоод үзээрэй.