ТАТАН БУУГДСАН БАЙСАН “БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭР” ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ИММУНОГЛОБУЛИН ҮЙЛДВЭРЛЭНЭ
6 сарын 8, 2021

2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгдлээ.
Коронавирусийн цар тахлын үед вирүсийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Иммуноглобулин гэж нэрлэгддэг уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт үед хийхэд Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэг нь батлагдсан. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай. 88 жилийн арвин их туршлагатай тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, Хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, Эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана. Өдгөө Монголд урьдчилан сэргийлэх, эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг биобэлдмэлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортын бүтээгдэхүүн орлодог учраас “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг төр, засгаас дэмжин цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх бодлогыг ХҮНЭЭ БОДСОН ТҮҮХЭН ШИЙДВЭР хэмээн салбарын эрдэмтэн судлаачид ихэд баяртай байгаа юм. Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны 3-р улирлаас эхлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.