Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх тэргүүтэй албаныхан оролцов.
Уулзалтаар хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан юм. Хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа өнөөдрөөс хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно. Гэхдээ гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм.
Хариуцлагын гэрээний зүйл заалтууд нь халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотой энгийн дүрэм журмуудыг тусгасан буюу ширээ хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэн, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлэх зэргийг тусгажээ. Энэ үеэр “Аж ахуй нэгжүүд хариуцлагын гэрээгээ ухамсарлан, өөрсдийгөө болоод үйлчлүүлэгчдээ эрсдэлээс хамгаалан ажиллах”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уриаллаа.
“Цар тахлын хүнд үед халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бусад хариуцлагагүй байгууллагуудаас шалтгаалан хохирч байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах боломжтой байгууллагуудад үйл ажиллагаагаа нээх боломж олгон, “Хариуцлагын гэрээ” байгуулж буйд сэтгэл хангалуун байна” хэмээн Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх хэллээ.
“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй байгуулах юм. Аж ахуй нэгжүүдээ ялгахгүйн үүднээс энэ удаагийн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг үндэслэн бусад салбарын байгууллагуудаа үе шаттайгаар нээх байдлаар ажиллана хэмээн Хотын дарга мэдэгдэж байсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах, зөвлөлдөх уулзалтаар тус салбарт тулгамдаж буй асуудлыг сонсож, үйлчилгээний байгууллагуудаас ирсэн асуудлуудад хариулт өгөв. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж, мөрдөх тухай мэдээлэл, Коронавируст халдварын гадаад орчинд амьдрах чадварын тухай судалгаа, түүнийг хэрхэн ариутган, халдваргүйжүүлж, эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг өгсөн юм.