Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах шигшээ тэмцээний хасагдах шатны тоглолт өнгөрсөн шөнө Уэльс-Дани, Итали-Австрийн шигшээ багийн тоглолтоор эхэлж, Дани, Италийн баг өрсөлдөгчөө буулгаж аван шөвгийн наймд шалгарлаа. Тэмцээнийг маш муу эхлүүлж /Эхний хоёр тоглолтдоо хожигдсон/, ОХУ-ыг олон бөмбөгөөр /4:1/ хожсоныхоо ачаар л хасагдах шатанд үлдсэн Дани Гарет Бэйл, Аарон Рэмзи тэргүүтэй Уэльсийг 4:0-ээр бутниргэн нутаг нэгтнүүдээ баярлуулав. Италийн “Сампдори”-д тоглодог хагас хамгаалагч Миккель Дамсгор, Францын “Ницца” багийн довтлогч Каспер Дольберг нар тоглолтын эхний хоёр гоолыг бүтээж, хувь заяаг шийдэн гол баатрууд болсон юм. Ер нь Данийн хувьд энэ тэмцээн шигшээ баг нь Дамсгор хэмээх шинэ залуу лидертэй болсныг зарлан тунхаглах тэмцээн болж байна гэхэд хилсдэхгүй. Эхний тоглолтод зүрх нь зогсож тэмцээнээс гарсан Кристиан Эриксений орон зайг энэ залуу тун сайн нөхөж, ирээдүйд багийн лидер болох чадамжтай гэдгээ батлан харуулж байна. Дээр нэр дурдагдсан хоёроос гадна Кристенсен тэргүүтэй төвийн хагасууд үүргээ ягштал гүйцэтгэн Уэльсийн Гарет Бэйл, Аарон Рэмзи нарыг ”ажилгүй” болгосон нь ялалтын гол үндэс байлаа. Сэлгээгээр гарч ирсэн залуу тоглогч Неко Уильямс хөндлөн дамжуулалтыг зайлуулах гэж байгаад Дольбергийн хөлд хаяж өгөн хоёр дахь гоолоо алдсанаас хойш тоглолт нь явсангүй. Дольберг “Франц 1998” ДАШТ-ээс хойш том тэмцээний хасагдах шатанд гоол оруулсан Данийн анхны хөлбөмбөгч болсон байна. 1998 оноос хойш Дани том тэмцээний хасагдах шатанд шалгарч байсан ч гоол оруулж амжаагүй явжээ. Итали Данийн тоглолтын тухайд, багууд үндсэн цагт 0:0-ээр тэнцэж, нэмэлт цагт Федерико Кьеза, Маттео Пессина нарын гоолоор Итали тоглолтын хувь заяаг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн. Австрийн Калайжич хариу нэг бөмбөг хийсэн нь Австрийн Калайжичийн гоол Австрийн хувьд ЕАШТ-ий хасагдах шатанд оруулсан анхны гоол болсон бол Энрико, Федерико Кьеза нар ЕАШТ-ий шигшээ тэмцээнд гоол оруулсан анхны эцэг, хүү хөлбөмбөгчид болжээ. Федерикогийн эцэг Энрико Евро 1996-д Чехийн хаалганд гоёмсог гоол оруулж байв.
Евро-2020
1/8 шигшээ
Уэльс – Дани 0:4 (0:1, 0:3)
«Йохан Кройфф Арена» цэнгэлдэх
Гоол:
0:1 – 27 Дольберг, 0:2 – 48 Дольберг, 0:3 – 88 Мэле, 0:4 – 90 Брэйтуэйт.
Уэльс – Уорд, Робертс (Уильямс, 41), Мифем, Родон, Дэвис, Моррелл (Уилсон, 60), Аллен, Бэйл, Рэмзи, Жеймс (Брукс, 78), Мур (Робертс, 78).
Дани – Шмейхель, Кристенсен, Кьер (Андерсен, 77), Вестергор, Ларсен (Бойлесен, 77), Хейбьерг, Дилэйни (Йенсен, 60), Мэле, Брэйтуэйт, Дамсгор (Нергор, 60), Дольберг (Корнелиус, 70).
Шар хуудас:
Родон (26), Мур (40), Брукс (80), Бэйл (90).
Улаан хуудас:
Уилсон (90).
Итали – Австри 2:1 (0:0, 0:0, 2:0)
«Уэмбли»
Гоол:
1:0 – 95 Кьеза, 2:0 – 105 Пессина, 2:1 – 114 Калайжич.
Итали– Доннарумма, Спинаццола, Бонуччи, Ди Лоренцо, Ачерби, Жоржиньо, Верратти (Локателли, 67), Берарди (Кьеза, 84), Барелла (Пессина, 67), Инсинье (Кристанте, 108), Иммобиле (Белотти, 84).
Австри – Бахманн, Алаба, Лайнер (Триммель, 114), Драгович, Хинтереггер, Гриллич (Шауб, 105), Шлагер (Грегорич, 105), Лаймер (Ильзанкер, 114), Баумгартнер (Шопф, 90), Забитцер, Арнаутович (Калайжич, 97).
Шар хуудас:
Арнаутович (2), Ди Лоренцо (50), Барелла (51), Хинтереггер (103), Драгович (120).