Женкогоор удирдуулсан Монголын ардчилсан холбоо, Ногоон намын он тоолол эхэллээ
4 сарын 4, 2022

  Ардчилсан намын жинхэнэ задрал, хуваагдал одоо л эхэлж байна.  Ардчилсан хувьсгалын он жилүүдэд дарь дүүргэсэн торх шиг байсаар ирсэн ардчилагчид дунд хэзээ ч унтрахгүй улс төрийн их гал, талцал, хуваагдлын эхлэл очыг С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр тавих учиртай байж. Ойрын ондоо С.Эрдэнэ, Женко хоёрыг тэтгэвэртээ, суухаас нааш энэ нам өөдөлж дэвжих, эргэн нэгдэх хувь дутах биз. Яг Баабарын “Биднийг үхэхээс нааш” гэж өгүүлсэн шиг Ардчилсан намын энэ хагарал эдгэх зураг улс төр судлаачдын төлөгт буухгүй байна. Женко, С.Эрдэнийн ард Эбийг байгаа цагт шүү дээ. Хорин хэдэн настай, хонгор шаргал зүстэй байхаасаа л улс төрийн эрх мэдэлд хүрсэн Эби, Женко хоёр 30 гаруй жил хоёул Монгол Улсын Ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаад, ажиллаад эрх мэдэлдээ цадсангүй. Цадаагүй улс төрийн энэ их өлсгөлөн шунал нь, дутуугийн комплекс нь өөрсдийнх нь байгуулсан Монголын ард түмний итгэл найдварын эцсийн амин цэг Ардчилсан намыг тасар татаж буй нь энэ. Одоо Эбигийн баг жинхэнэ Ардчилсан намаа авдагаараа авна. Хэзээнээсээ МАНАН дэглэмийн гол тоглогч Эби ямар нэгэн байдлаар МАН-тайгаа учраа ололцоод УИХ-д цөөн гишүүнээр бүлэг байгуулах хэмжээнд улс төр хийх санаа өвөрлөж суугаа. Тэр ийнхүү эргэн ирэлт хийнэ. 24 онд л үсгүй хусуулчихгүй бол шүү.

Нөгөө талд Женко өнөөдөр ялагдаж буй мэт харагдаж болох ч эргэн ирэлтээ аль хэдийнэ хийчихсэн байна. Ардчилсан намын даргын сонгууль гэх энэ тоглоомыг тоглож эхлэхдээ л Дээд шүүх өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан. Яагаад ингэж их мөнгө үрж энэ тоглоомыг эхлүүлсэн бэ гэхээр түүнд улс төр хийх, эргэн ирэлтээ зарлах улс төрийн талбар, улс төрийн үйү явдал, улс төрийн цаг хугацаа хэрэгтэй байсан. Түүнд Ардчилсан намын дарга байх эсэх нь нэг их сонин биш. Гол нь ардчилагчдынхаа амьд талбар дээр гол тоглогч байх нь чухал учраас тэр тоглож эхэлсэн гэж харагдаж байна. Одоо Дээд шүүхийн үүднээс тэмцэл эхэлнэ. Сүүлийн 10 гаруй жил сошиал хэмээх технологид дарагдаж гудамжнаас арчигдаад байсан жагсаал, тэмцэл 90 он мэт эргэн ирнэ. 24 оныг хүртэл Монголыг доргиосон, төр эргүүлэх хэмжээний жагсаал, тэмцэл, суулт, өлсгөлөн зарлалт шил, шилээ даран бий болно. Ингээд сонгуулийн өмнөхөн Монголын ардчилсан холбоо, Ногоон нам бүртгэгдэж Женкогоор удирдуулсан улс төрийн хүчин УИХ-ын гишүүдээр эгнээгээ батжуулж гол тоглогч болон орох бодлыг тээж явна. Он тоолол нь уржигдраас эхэлсэн учраас өнөөдрийг л гэхэд Женкогоор удирдуулсан Монголын ардчилсан холбоо, Ногоон нам байгуулагдсаны нэгдүгээр оны гуравдугаар өдөр гэж тоолж болно. Женкогийн цээжинд ийм л нүүдэл бий. Тэр өнөөдөр шатар тоглох газар даам нүүсэн мэт харагдаж болох ч пионер мадаар Монголын аварга болох том мөрөөдөл тээж суугаа.

Эцэст нь сануулахад Монгол Улсын Их Хурал маань гурван бүлэгтэй байна гэдэг нь тэр дундаа ардчилсан чигийн хоёр нам бүлэг байгуулвал, улс төрийн гуравдагч хүчин хүч түрэн орж ирвэл 24-28 оны парламент их сонирхолтой бас түүхэн байх болно. Цаг хугацхх бүгдийг харуулна.