Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар арван долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв
7 сарын 7, 2021

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.07.06) нэгдсэн хуралдаан 14 цагт цахимаар эхэлж, арван долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Засгийн газраас  2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Бейсен, Н.Ганибал нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73.7-д заасны дагуу “Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэснийг үндэслэн төсвийн сахилга батыг хангуулах, Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлттэй холбоотой тогтоолын төсөл боловруулах чиглэл өглөө. 


Ингээд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55,2 хувь нь дэмжив. 

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая төгрөгөөр, Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 10,735,610.8 сая  төгрөгөөр батлахаар тусгасан байлаа.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Засгийн газраас  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан гэдгийг танилцуулгад дурдав.   

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.  Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 


Засгийн газраас  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны  хуралдаанаар явуулах үед асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авсны дараа  Байнгын хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь  дэмжив.

Иймд уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуралдаан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн  хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.


    Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн талаарх танилцуулгадаа, “Ковид-19” цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаагаас шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн, мөн 2021 оны төсөв батлахад төсөөлж байсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл өөрчлөгдөж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхойлсон төсвийн зарим тусгай шаардлагыг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийн тодотголын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэж байлаа. Мөн энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөөний гүйцэтгэл 97.2 хувьтай байна. Тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн төсвийн нийт зарлага 6.1 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 866.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.1 хувьд хүрсэн байна. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор 2021 онд 3.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэх санхүүжилт төсвөөс зарцуулаад байна. Зэсийн үнэ 2021 оны төсөв батлагдах үеийн төсөөллөөс нэмэгдэж байгаа бөгөөд зэсийн үнийн өсөлтөөр төсвийн орлого 572 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа боловч дийлэнх нь Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд төвлөрч, улсын төсөвт 242.0 тэрбум төгрөгийн орлого хуваарилагдах тооцоололтой байгааг танилцуулгадаа дурдсан. 

Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хэрэгжүүлэх ажлыг төсвөөс санхүүжүүлэх, цар тахлын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын албан хаагчдад урамшуулал олгох, иргэдэд коронавирус цар тахлын талаарх мэдлэг, мэдээлэл олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон зарим төрлийн халамжийн хэмжээг он дуустал үргэлжлүүлэн олгоход шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх болон төрийн байгууллагуудыг төсөв хэмнэх горимд ажиллах, зайлшгүй хэрэгцээ шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах замаар урсгал болон хөрөнгийн зардлыг хэмнэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан 2021 оны төсвийн тодотголын төслийг Улсын Их Хурлын бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Төсвийн байнгын хороо хэлэлцээд төсөлд тусгагдсан орлого, зарлагын дүнг өөрчлөх санал гаргаагүй, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс тусгайлсан зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй байгаа нь Улсын Их Хурал төслийг дэмжин батлах шаардлагатайг илэрхийлж болохоор байна гэдгийг Х.Булгантуяа гишүүн танилцуулгадаа онцлов. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжсэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Г.Амартүвшин нараас гаргасан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний дүнд өөрчлөлт оруулахгүйгээр, нэр, байршлыг өөрчлөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тодруулбал, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад туссан “Бохир усны шугамын засварын шинэчлэл, коллектортой холбох гэсэн төсөл, арга хэмжээг  “9 дүгээр” гэж, “Мэс заслын дурангийн сет тоног төхөөрөмж   гэсэн төсөл, арга хэмжээг “Амгалан” амаржих газар гэж, “Авто зам засвар гэсэн төсөл, арга хэмжээг “Жаргалант-Галтын авто зам засвар /Хөвсгөл, Жаргалант, Галт сум/” гэж, “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл 120 ор гэсэн төсөл, арга хэмжээг “67 дугаар” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 


Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг  нар тус тус танилцуулсан. 

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2021 оны 51 дүгээр захирамжаар төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон судлаач, эрдэмтдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажилласныг дурдсан. 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан хотын төлөвлөлт, барилгажилтын норм, норматив дүрэм журамд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл, үйлчилгээний төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах зардал зэргийг харгалзан албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, түүнчлэн нийслэл хотын аж ахуйн талаар зарим чиг үүргийг нэмж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг 15 зарчмын зөрүүтэй санал, найруулгын таван багц саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа онцолсон. 

Хуралдаанд Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 


    Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Б.Энх-Амгалан, С.Бямбацогт нар асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хариулт өгсний дараа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийн 5 дугаар зүйлд “Нийслэл хот нь нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт жил бүр тусгана.” гэсэн 5.3 дахь хэсэг,  Ажлын хэсгийн зүгээс төслийн 6 дугаар зүйлд “Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй.” гэсэн 6.5 дахь хэсэг тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 8 дугаар зүйлд “нийслэлийн нутаг дэвсгэр дэх дархан цаазат болон байгалийн цогцолбор, нөөц, дурсгалт газрыг иргэд аялах, амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, хамгаалах төсөл, арга хэмжээ; хотын өөрийн мэдлийн орон сууцны ашиглалт, хуваарилалт; хуульд заасан бусад.” гэсэн 8.3.14, 8.3.15, 8.3.16 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

    Мөн Ажлын хэсгээс төслийн 20 дугаар зүйлд “Нийслэл хотын удирдлага шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг баримтална.”, “Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал, зэрэглэлээс өөрөөр тогтоож болно.” гэсэн 20.3, 20.4 дэх хэсэг тус тус нэмэхээр боллоо. 

    Ингээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. 


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 тойрогт нөхөн сонгууль зарлах, зардлын хэмжээг тогтоохтой холбоотой тогтоолын төслүүдийг баталлаа


Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд санал өгсөн нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тул Улсын Их Хурлын гишүүний орон гарсан гэж үзэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэдгийг дурдав.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар боловсруулсан гэж байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,6 хувь нь дэмжив. 

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан. 

Тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох байгууллагаас ирсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18,28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2,287,344, 090.0 төгрөг байхаар тусгаж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасныг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулгадаа онцлов.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжив. 

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолыг баталлаа

Хуралдаан “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгээр үргэлжлэв.


Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нар тус тус танилцуулсан. 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Чикаго хотод Консулын газар нээж ажиллуулах саналаа америкийн талд дилломат шугамаар тавьж, зөвшөөрсөн хариу авчээ. Тиймээс Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, айлын талын зөвшөөрлийг үндэслэн АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа онцолсон. 

Манай улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр бусад улс, ялангуяа гуравдагч хөрш болох АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд АНУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, аялал жуулчлалын томоохон төв, 8000 орчим монгол иргэд оршин суудаг Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, иргэдийн эрх, ашиг сонирхлыг цаг алдалгүй хамгаалах чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буйг сайд Б.Батцэцэг онцоллоо.

АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогийн байдлаар 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван орон тоог нь Чикаго хотод нээж ажиллуулах Консулын газарт шилжүүлэн ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр шинээр нээх Консулын газрын төсвийг шийдэх боломжтойг сайд танилцуулсан юм.


Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон (6000), төвийн бүсийн Чикаго хот (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиатль (1500) хотод төвлөрөн суурьшдаг байна. АНУ-ын баруун, зүүн эргийн хотуудад амьдарч байгаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчимд оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлагатай байгаа аж. Чикаго хот нь АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 1600 км зайд оршдог бөгөөд тус хотод Консулын газар нээснээр Индиана, Висконсин, Мичиган, Мизури, Миннесота зэрэг залгаа мужид оршин суугаа монгол иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм байна.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар “Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,2 хувь нь дэмжив.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай”тогтоолын төслийг баталлаа

Дараа нь “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлахыг дэмжсэн гэж байлаа. 


Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Хуулийн төслийг эцэслэн батлуулахаар шилжүүлэв

Үндсэн хуулийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулахаар заасан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтын дагуу төслийг боловсруулсан гэдгийг онцолж байсан. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 


“Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг тус тус танилцуулсан. 

Монгол Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ”, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.2.1-д “байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэх”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл баримтлал-2030”-ын 2.3.1-д “Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах...” гэж тус тус заасныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль орчин доройтох, байгалийн нөөц хомсдох үйл явц улам бүр эрчимжиж байна. Иймд байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах, ногоон хөгжлийн түшиц газрыг бий бологоход экологийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан менежмент бүхий тогтоолцоог бэхжүүлэн хамгаалах, түүндээ зохицсон уламжлалт аж ахуйгаа олон улсын жишгээр баяжуулан хөгжүүлэх үүднээс Монгол Улсын зарим газар нутгийг улсын байгалийн нөөц газарт хамруулах шаардлагатай байна. Тодруулбал, Архангай аймгийн Жаргалант, Чулуут, Өндөр-Улаан сумдын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулснаар байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх боломжтой гэж байлаа.


        

Байнгын хороо уг асуудлыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. 

    Төсөл санаачлагч нь тогтоолын төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын нутаг дахь “Далтын нуруу, Шаргачны голын ай сав”-ын зарим хэсгийг Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад  хамруулахаар тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулгадаа тодотгоод төсөлд дурдсан газар нутгийг Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, өвөрмөц тогтоц, ховор, нэн ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах, судалгаа шинжилгээний түшиц газар болгох, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийг унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ гэв. Мөн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нар санал хэлсний дараа тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. 

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. 


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 60, найрууллын шинжтэй гурав, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “4.1.7.“арилжааны сорт” гэж сорт сорилтод соригдож, хяналтын болон нутагшсан сортоос аж ахуй, биологийн зарим үнэт шинж чанараар шалгарсан, тариалах боломжтой сортыг;” гэж, “4.1.8.“ирээдүйтэй сорт” гэж сорт сорилтын дүнгээр хяналтын сортоос аж ахуй, биологийн нэг болон хэд хэдэн чанараар тогтвортой давуу болох нь тогтоогдож шалгарсан, элит үр үйлдвэрлэл эхлүүлэх зөвшөөрөл олгосон сортыг;” гэж, “4.1.9.“нутагшсан сорт” гэж ирээдүйтэй сортоор батлагдсанаас хойш хоёроос доошгүй жил сортын давуу чанараа хадгалж, үйлдвэрлэлд нэвтэрснийг үр, сортын зөвлөлөөс баталгаажуулсан сортыг;”  гэж,  “4.1.10.“нутгийн уугуул сорт” гэж тухайн бүс нутгийн тариаланчид тодорхой хугацааны турш үе, удам дамжин шилж, сонгон, тариалж, ашиглаж байгаа, генетик иж бүрдлийн хувьд олон янз сортыг;” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

    Түүнчлэн төсөлд  “6.3.Энэ хуулийн 6.2-т заасан таримлын төрөл тус бүрээр бүрдүүлэх баримт бичгийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.” гэсэн хэсэг, “7.1.5.сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн нутагшсан болон ирээдүйтэй сортын үрийг үржүүлгийн бүдүүвчийн дагуу үржүүлэх.” гэсэн заалт тус тус нэмэхээр боллоо. Мөн төсөлд “10.5.Таримал ургамлын үрийг экспортлоход амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг баримтална.” гэсэн хэсэг, “11.3.Энэ хуулийн 11.2-т заасан технологийн нөөцийг нутагшсан сортын үрээр бүрдүүлэх бөгөөд үр дутагдсан тохиолдолд ирээдүйтэй сортын үрээр нөхөн бүрдүүлж болно.”  гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. 

  Мөн энэ үеэр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны  тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нараас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.


 Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн Боловсролын хуулийн дагуу “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга буюу дөрвөн жилийн хугацаатай томилогддог улс төрийн албан тушаалтан” нь төрийн үйлчилгээний албан тушаалтан болох “ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилон чөлөөлж” байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт болон Үндсэн хуулийн суурь агуулга, зарчимтай зөрчилдөж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаарч шинээр томилогдсон аливаа сум, дүүргийн Засаг дарга тухайн харьяаныхаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг шинээр томилох, хууль зөрчиж ажлаас нь чөлөөлөх, сонгон шалгаруулалтгүй түр орлон гүйцэтгэгч тавих байдал улсын хэмжээнд нийтлэг асуудал болж, хот хөдөөгүй түгээмэл ажиглагдаж байна. Ийнхүү аймаг, дүүргийн боловсролын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр чөлөөлөх болон томилж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчимтай зөрчилдөж байгааг онцлон тэмдэглэв.

    Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 839 сургууль, 1454 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын халаа сэлгээ, шинэ томилгооноос үүдэлтэйгээр боловсролын салбарын нийт 85 мянган багш, албан хаагч нарын нарын нийтлэг эрх зөрчигдөх, ажлаас үндэслэлгүйгээр халагдаж чөлөөлөгдөх, ажлын байртай холбоотой хөдөлмөрийн маргаан үүсэх, шүүхэд шилжиж шийдвэрлэгдэх зэрэг асуудлууд ихээр үүсэж байна. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор ажил олгогчдын буруутай үйл ажиллагаа болон ажлын байрны шийдвэртэй холбогдолтой нийт 1726 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 2017 онд 523, 2018 онд 389, 2019 онд 422, 2020 онд 392 өргөдөл, гомдол тус тус ирсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 14,7 хувь нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хөдөлмөрийн маргаан үүсгээд байна. Мөн улс төрийн томилолт авч, шинээр томилогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч дарамт, нөлөөллөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн өргөдөл, гомдол нийт гомдлын 61,2 хувийг эзэлж байгааг танилцуулгад дурдав.

    Боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах, дарамт, шахалтыг арилгах, мэргэшсэн, тогтвортой байдлыг бий болгох үүднээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан гэж байлаа. 


    Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсөлд зайлшгүй тусгах гурван санал байгаагаа тодотгов. Тэрбээр, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл хийх, удирдлагаар ажиллах хугацааг тодорхой тусгах, тухайн албан тушаалд томилогдох шалгуурыг нарийвчлалтай болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.  

    Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. 

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

    Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд 45.2 орчим мянган үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 2124 хүний амь нас эрсдэж, 13.8 сая толгой мал хорогдон, улсад 1031.0 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас Онцгой байдлын байгууллага 12.6 мянган хүний амь насыг аварч, улсын болон иргэдийн 237.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлүүдийг олгож байгаа хэдий ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.


    Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

    Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгасан бөгөөд төсөл батлагдсанаар алслагдсан аймаг, суманд ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, гэр бүлээ хөгжүүлэх, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад санхүүгийн хувьд дэмжлэг авч амьдралын чанар нь сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

    Харин Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих боломжгүй гэж үзсэнийг онцлон тэмдэглэв.  

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих шаардлагагүй гэж үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.   


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Хуралдааны төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Хууль санаачлагчийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг  танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгааг тодотгоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зэрэг ажил, арга хэмжээг хэтийн болон богино хугацааны төлөвлөлттэй уялдуулан үе шаттайгаар зохион байгуулж байгаа боловч нийгэм, эдийн засгийн байдал, хорих ял эдлэгдсийн тооны өсөлт, хорих анги, байгууллагын ачаалал нэмэгдэж байгаагаас шалтгаалж алслагдсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байгааг онцлон тэмдэглэв.

    Сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих, анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба хаагч шилжин томилогдох хүсэлт гаргажээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшил олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлагыг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн санал хэлсний дараа  хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.