Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.05.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий таван гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Оюундарь, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, О.Батнасан, Д.Оюунхорол нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн хувьд 800 гаруй мянган хүн ажиллаж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн бодлого, дэмжлэг дутагдаж байгааг онцлоод энэ салбарынхны бараа, бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтад нь төрийн бодлогоор дэмжих, мөн гарааны бизнесээ эхлүүлж байгаа өрхийн үйлдвэрлэлд барьцаа хөрөнгө шаардахгүй итгэлийн зээл олгож ядуурлаас гаргахад анхаарах, Төрийн банкаар дамжуулан зээлийг бага хүүтэй, урт хугацаанд олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Хууль санаачлагч гишүүн Ж.Ганбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд банкнаас зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс 500 сая хүртлэх төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас, 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авахаар тусгасан гэдгийг онцлов. Мөн хуулийн үйлчлэх хүрээнд нийтийн хоолны салбар хамрагдсаныг дурдаад жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөөс дээш орлоготой буюу сүлжээ ресторан, хоолны газрууд хамаарагдахгүй гэв. Түүнчлэн төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, согтууруулах ундаа импортлох зэрэг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж байлаа.
Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгох, аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангаа улирал тутамд бус жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгох, эрх зүйн орчныг нь тодорхой болгох зэргээр төрийн бодлогоор дэмжиж байгаа хэмээн хариулж байв. Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.