Цэцэрлэгийн эрхлэгч нарт хүнсний аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулав
6 сарын 16, 2022

   НЗДТГ-ын санаачилгаар Нийслэлийн Боловсролын газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн Үйлдвэрлэл технологийн сургуультай хамтран “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус сургалт, хэлэлцүүлэг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарт хүнс хүлээн авах, хадгалах, боловсруулах, түгээх үеийн хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой юм.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Гүррагчаа “Нийслэлийн хэмжээнд 680 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд ихэнх цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг учраас идэж буй хоол хүнсний эрүүл, аюулгүй байдал нэн чухал. Тиймээс  хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд анхаарах үүднээс сургалт зохион байгуулж байна” хэмээв.


Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт нийслэл дэх төрийн өмчийн 286 цэцэрлэгийн эрхлэгч болон хүнс хангамжийн дөрвөн аж ахуйн нэгж, ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн харьяа Шим тэжээл судлалын төвийн төлөөлөл оролцлоо. Сургалтын үеэр Хоол, шим тэжээл ба хүүхдийн эрүүл мэнд, хоол зүйчийн оролцоо, Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй байдал гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм.


Шим тэжээл судлалын төвөөс хоол, шим тэжээлийн тухай хэрэгцээт мэдээлэл бүхий цахим системийг нэвтрүүлж, мөн хүүхдийн хоолны стандарт, жор технологийг сайжруулах тухай ном гарган цэцэрлэгүүдэд тараажээ. Ингэснээр цэцэрлэгийн эрхлэгч, багш, тогооч зэрэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүх албан хаагч хоол, шим тэжээлийн тухай мэдээ мэдээллийг авч, хоолны менежментээ сайжруулах боломжтой болж буй юм.

Шим тэжээл судлалын төвийн захирал С.Баянжаргал “Хүнсний бүтээгдэхүүнийг хүлээн авах, үйлдвэрлэх, хүүхдэд хүргэхдээ маш сайн хяналт тавьж ажилласнаар хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангаж чадна. Хоолны цэс дээр сайтар анхаарч, боловсруулбал хүүхэд дутагдаж буй хэрэгцээтэй шим тэжээлээ авна” хэмээн онцлов.

Сургалт, хэлэлцүүлэгт оролцсон эрхлэгч нарын зүгээс бага насны хүүхдийн эрүүл, зөв хооллолтод чухалчлан анхаарах, хүнсний хангамжийн аж ахуйн нэгжүүд хүнсээ аюулгүй хүргэх тухай мэдээлэл өгч буй нь маш үр өгөөжтэй болохыг хэлж байлаа.

 

         НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР