Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсвийн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудыг олон нийтэд ил тод болгож, үйл ажиллагааг нь хязгаарлах, ногоон худалдан авалт болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд хуульд тусгах, үнэлгээний шатнаас эхлээд тендер шалгаруулах ажиллагааг шударга, ил тод болгох шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн тендерийн талаар гомдол гаргахад барьцаа төлбөр тавихаар хуульд тусгасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгааг дурьдаад, энэ талаар илүүтэй тодруулж байлаа. Ажлын хэсгийн зүгээс, сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтыг санаатайгаар удаашруулах, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гомдол, маргаан гаргах байдал нэмэгдсэн. Тухайлбал, 2017 онд 5900 орчим тендер зарласны 813 тендерт гомдол, санал ирсэн. Улс орны бүтээн байгуулалттай холбоотой төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс тендерт оролцогч нь гомдол гаргахдаа 20 сая хүртлэх төгрөгийн төлбөрийг барьцаа болгож Төрийн санд байршуулж, хариуцлагажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулж байв.
Ингээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлаж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.