Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг Туул голын эрэг дээр хоёр том хүн, дөрвөн хүүхэд зугаалж байснаас нэг хүүхэд энэ сарын 29-ны өдрийн 14.00 цагийн орчимд живжээ. Энэ талаар дуудлага мэдээлэл тус аймгийн онцгой байдлын газарт ирснээс эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн Туулын гүүр гэдэг газраас Улаан-Үзүүр гэдэг газар хүртэл голын эрэг дагуу долоон км газарт автомашинаар, усаар 13 км-т завиар, дөрвөн метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийсэн.
Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригадын алба хаагчид долдугаар сарын 30-ны өдрийн 17.50 цагт очиж, Өгөөмөр багаас 18 км-т завиар, дөрвөн метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу 18 км-т мотоциклоор хайсан боловч үр дүнд хүрээгүй учраас дахин эрэн хайж байна.
УСАНД ОСОЛДСОН ХҮҮХДИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Хатавч хөх толгой гэдэг газар долдугаар сарын 30-ны өдрийн 16.40 цагийн орчим гурван хүүхэд тоглож байснаас нэг хүүхэд хиймэл нууранд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өдрийн 17.25 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 21 дүгээр анги, аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 18.15 цагт очиж, аймгийн харьяат 14 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Гэтэл 18.40 цагт цогцсыг нь хиймэл нуурын урд эргээс дөрвөн метр, хоёр метрийн гүнээс олж, аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.
82 НАСТАЙ ИРГЭН ГОЛЫН УСАНД ЭНДЖЭЭ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн-Амаас баруун тийш 200 метрт Туул голд цогцос хөвж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 07.09 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид есөн км замыг туулан 07.20 цагт очиход, Туул голын эрэгт нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны харьяат 82 настай, эмэгтэйн цогцос байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.