Зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана
8 сарын 15, 2021

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хоёр ээлжээр хичээллэнэ. Таван настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулна.
Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын норматив 900 төгрөг байсныг 1500 болгон нэмэгдүүлсэн. Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, суралцах чадвар,  бүтээмжид гол нөлөө үзүүлдэг тул “Үдийн хоол” хөтөлбөрийн чанарт онцгой анхаарахыг  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа.
Хүүхдүүдийн хичээл, сургалт бараг хоёр жил завсарлаад эхэлж байна. Хичээлийн хоцрогдлыг арилгах том зорилт тулгарлаа. Засгийн газар хичээл сургалт эхлүүлэх бүх зохион байгуулалтыг хийнэ гэж Ерөнхий сайд хэлээд хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг онцолж байлаа.
Цэцэрлэг, сургуулийн багш нарын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Эцэг, эхчүүд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгаа юм байна. Цар тахлын үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гэж буйтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 сургууль, 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа.


Шинэ сургуулийг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 75 дугаар сургуулийн жишгээр барина
Япон Улсын буцалтгүй тусламж, Жайка төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 828 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль барьж, энэ хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. 75-р сургуулийн барилга дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдаж, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч хөгжих тэгш хүртээмжит сургалтын орчныг бүрдүүлжээ. Цаашид шинээр баригдах сургуулиудыг 75 дугаар сургуулийн барилгын стандарт, жишгээр барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцолж байв.


Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бага, дунд сургуулийн барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах таван үе шаттай төсөл 1999-2021 онд амжилттай хэрэгжиж Улаанбаатарт 49 сургууль болон сургуулийн барилгын өргөтгөл барьж, сургуульд хамрагдах хүүхдийн хүчин чадлыг 24 мянгаар нэмэгдүүлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкид баяр хүргэлээ.    

Зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа. Хичээл сургууль эхэлсэн үед хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Түгжрэлийн шалтгааны 25 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах гэсэн авто замын хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс БШУЯ түгжрэл ихтэй бүсэд байрладаг 25 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш ажиллуулахаар шийдвэрлэжээ. Эдгээр цэцэрлэгийн цуглах цаг 07.00-09.30, тарах цаг 16.30-20:00 байна. Энэ санаачилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Засгийн газар хотын түгжрэл, төвлөрлийг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ. Хотын төвөөс хотын зах руу нүүсэн аж ахуй нэгжийг татварын бодлогоор дэмжинэ гэв.