Нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамруулав
8 сарын 21, 2021

Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн албаны хүний нөөцийг чадваржуулах, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулах, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгох”, “НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлнэ” хэмээн тусгасан.

Түүнчлэн нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Мэргэшсэн, чадварлаг, иргэндээ үйлчилдэг, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ” гэсэн байдаг. Энэ дагуу нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс алба хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, агуулга боловсруулан, сургалтуудыг үе шаттай зохион байгуулж буй.

2017 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын алба хаагчдад зориулан үндсэн болон сэдэвчилсэн сургалтын нийт 25 төрлийн гарын авлага, сургалтын агуулга боловсруулсан. Ийнхүү давхардсан тоогоор 7,000 гаруй алба хаагчийг сургалтад хамруулсан байна.

Харин өчигдөр “Монголчуудын ёс суртахууны өгөгдлийг танин мэдэх, төрийн алба хаагчийн ёс зүйг тогтоон хэвшүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг хамруулжээ. Сургалтаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл монголчуудын ёс суртахууны өгөгдөл, үнэт зүйл болоод төрийн албан хаагчийн ёс зүйн тухай сонирхолтой илтгэл танилцуулж, хэлэлцүүлэв. Оролцогчид дараагийн сургалтуудаар шинэчлэн баталсан хууль болон албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.