Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойш 18 км-ын зайд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны 00:58 цаг орчимд болсныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар зүйн байршил (өргөрөг, уртраг) : 48.64 106.06 буюу Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрын зайнд болсон бөгөөд чичирхийлэл Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт мөн хүчтэй мэдрэгдсэн байна.
Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж
- Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
- Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
- Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Цахилгаан болон хийн зуухыг салга.
- Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.