Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна
9 сарын 9, 2021

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас таван төрлийн цогц төлөвлөгөө гаргасан. Тус цогц төлөвлөгөөнд иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил багтсан юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтныг сургалтад хамруулан, гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь 31 гудамжтай, 1600 орчим өрх амьдардаг бөгөөд орон тооны бус 34 ажилтан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм. Тус хорооны ажлын албаны дарга Э.Булгантамир “Манай хорооны орон тооны бус ажилтнууд долоо хоногт 2-3 удаа айлуудаар орж, зөвлөгөө, мэдээлэл өгөх, угаарын хийн мэдрэгчийн бүрэн бүтэн ажиллагааг шалгаж байгаа. Одоогийн байдлаар угаарын хийн эрсдэлд өртсөн айл бүртгэгдээгүй” гэв.

Уг хороонд орон тооны бус ажилтнаар ажиллаж буй Л.Уртнасан Туулын 19 дүгээр гудамжны 27 өрхийг хариуцан, зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг. Сэрүү орох үеэр айлуудын галлагаа эхлэх бөгөөд наймдугаар сараас хойш угаарын хийн эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Тэрбээр айлууд борооны улиралд яндангаа аваад, өрхөө битүүлэн галласнаар угаарын хийд өртөх эрсдэл үүсгэж байгаа тухай ярьж байлаа.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Чулуунцэцэг “Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш утаа, тортог хамаагүй багассан. Иргэд түлшээ зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Галаа буруу түлэх, өөр бусад хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэн угаартах эрсдэл үүсдэг гэж боддог. Манай зуухны дотор шүүр хагарчихсан болохоор өөрсдөө захаас төмөр авч сольсон. Зуухны засвар үйлчилгээг тогтмол хийдэг болох, ширэм, шүүрийн сэлбэгийг боломжийн үнээр худалдаалдаг болоосой гэж хүсэж байна” хэмээн захиж байв. Тус айлын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан Л.Уртнасан “Эднийх босоо яндантай тул хөөлөхөд амархан юм байна. Өөрсдөө ч хөөлөх боломжтой. Угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа бөгөөд ямар нэг зөрчилгүй байлаа” гэв. Тэрбээр мөн өндөр настан Ц.Чулуунцэцэгт хандан “Таван толгой түлш” ХХК-ийн 70119400 утсанд хандан зуухны шүүр, ширэмний талаар лавлах, яндангаа хөөлүүлэх захиалга өгөх боломжтой хэмээн зөвлөлөө.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан хэрэгжүүлж буй иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил ийнхүү төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр  есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулах юм.

Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэр хорооллын иргэдийг угаарын хийн хордлого, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийн, заавар, зөвлөмж өгөн ажилладаг. “Угаарын хийн хордлогод өртсөн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэдэг. Иргэд галлагаагаа зөв хийж, угаар мэдрэгчээ тогтмол ажиллуулж байгаатай холбоотойгоор угаарын хийн хордлогод өртөх нь багассан. Цаашид ч зориулалтын зууханд сайжруулсан түлшээ хэрэглэх, угаар мэдрэгчээ тогтмол ашиглах шаардлагатай байна” хэмээн НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Идэрмөнх ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС