Туул голын усанд осолдсон иргэнийг эсэнд мэнд олжээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхийн хадан хясаа гэдэг газрын баруун талд Туул голын усанд хүн живсэн тухай дуудлага өчигдрийн 00:24 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 00:58 цагт очиход нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн 19 настай, эрэгтэй осгосон байдалтай, Туул голын салаанд эсэн мэнд байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа тухай ОБЕГ-аас өмнө нь сэрэмжлүүлж байсан.
Иймд:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.