Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна. Тодруулбал, энэ удаагийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулах бөгөөд 2-11 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг хамруулах юм.
Дархлаажуулалтад зорилтот бүлгийн 170 мянга гаруй иргэн хамрагдах тооцоо гарсан. Түүнчлэн энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн томуугийн вакцинаар дархлаажуулалтыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын цэг гаргасан бол сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын баг дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд дэх дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 13-наас томуугийн вакцин хийж эхэлсэн. Харин явуулын дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ. Учир нь хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудас бөглүүлэх шаардлагатай юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг 132 хүүхэдтэй, өнөөдөр 98 хүүхэд вакциндаа хамрагджээ.