Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2,450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1,025 тонн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8,217 тн хүнсний ногоо хураан авчээ.
Цар тахал болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан намрын ажил ялимгүй хойшилсон ч ойрын өдрүүдэд тэнгэр хангай нааштай байх учраас тариаланчид энэ үеийг ашиглан ургацаа хурааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар эрчимтэй ажиллаж буйг орон нутгийнхан хэлж байна.
Мөн энэ үеэр Зүүнбүрэн-Шаамар-Түшиг сумыг холбосон 128 км автозамын ажил хайрга дайрганы нөөцгүйгээс болж удаашралтай байгааг Шадар сайд биечлэн шалгаж, Засгийн газрын зүгээс шаардлагатай зохицуулалтыг хийхээр холбогдох яамдаас Ажлын хэсэг томилж газар дээр нь ажиллуулахаар болов.
Сэлэнгэ аймгаас тариа буудай тээвэрлэдэг гол авто замыг шинэчлэх нь нутгийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил юм.
Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавирусийн 10,945 тохиолдол батлагдсанаас 7,808 нь эмчлэгджээ. Өнөөдрийн байдлаар 2,894 иргэн хөнгөн хэлбэрээр оношлогдож гэрээр эмчлүүлж байна. Вакцинжуулалтын хувьд 1 дүгээр тунд нийт хүн амын 85 хувь, 2 дугаар тунд 88 хувь хамрагдсан бол 6,693 иргэн бүүстэр тун хийлгэжээ.
Сэлэнгэ аймгийн хувьд цар тахлын халдвараар нийт 6,992 иргэн өвчилснөөс 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр оношлогдсон байна. Вакцинжуулалтын хувьд 85 хувь 1 дүгээр тунд, 80.2 хувь 2 дугаар тунд хамрагдсан талаар аймгийн Засаг дарга Ж.Оргил танилцууллаа.
Аймгийн хэмжээнд 35 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын 96 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан бол 12-17 насны 80 орчим хүүхдүүд 2 тунд бүрэн хамрагджээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөөврийн рентген аппарат, PCR төхөөрөмж шаардлагатай байгааг Шадар сайд даруй шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн юм.
Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил ургац сайтай байгаа бөгөөд өнгөрсөн жилээс 2.5 цн-ээр их ургац авах төлөвтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үeд аль болох хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа. Ялангуяа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, импорт, экспортын ачаа бараа, бүтээгдэхүүний идэвхтэй бүс болох хилийн томоохон боомттой Сэлэнгэ аймгийн тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох дэмжих учиртай. Үүний тулд Халдварын голомтыг хумих ажлыг эрчимжүүлж шат шатны ажлын уялдаа холбоог сайжруулах нь чухал.
Ковидын халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд сайн дураар хамруулах ажлыг эрчимжүүлж, иргэдийг мэдээ мэдээллээр сайтар хангах хэрэгтэй" хэмээн үүрэг даалгавар өгчээ.