АНУ-аас өнөөдөр 900 мянган тун Файзер вакцин ирнэ
10 сарын 6, 2021

АНУ-аас Монгол Улс руу илгээсэн 900 мянган тун Файзер вакцин өнөөдөр /2021.10.6/ ирнэ. Вакцины тээвэрлэлт, аюулгүй байдлыг хангах тал дээр хоёр улсын холбогдох албаныхан, эрдэмтэд хамтран ажиллаж байгаа аж.

Тодруулбал, 899,730 тун файзер вакцин “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа юм. Дэлхий даяар цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, вакцины хангамжийг тэгш хүртээмжтэй болгох зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийн гол санхүүжүүлэгчээр олон улсын вакцины эвсэл, ДЭМБ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын эвсэл зэрэг байгууллагууд ажилладаг байна. Манай улс өнгөрсөн сард уг хөтөлбөрийн хүрээнд 188,370 тун Файзер вакцин хүлээн авч байв.

Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 5-ны байдлаар нэгдүгээр тунд 76, хоёрдугаар тунд 213, нэмэлт сэргээх тунд 1633, нийт 1922 иргэнийг дархлаажуулсан байна.  Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 74.5 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.5 хувь байгаа юм. Ингэснээр улсын хэмжээнд хоёр сая 251 мянга 944 хүн вакцины эхний тундаа хамрагджээ.