2153 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, 6586 иргэн эдгэрчээ
10 сарын 20, 2021

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,153 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 342,992 болж нэмэгдлээ. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,147 нь Улаанбаатар хотод,
  • 1,006 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,518 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,717 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52,060 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9,241
  • Хүндэвтэр- 6,920
  • Хүнд – 2,197
  • Маш хүнд – 359 хүн байна.