Урд хил дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Урд боомтууд дээр хүндрэлтэй асуудлууд гарч байна. Замын-Үүд боомтод манайхаас шалтгаалахгүйгээр коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн /2021.10.19/. Үүнтэй холбоотойгоор нэлээн хатуу арга хэмжээ авч байгаа юм байна. Зөвхөн Эрээн гэлтгүй Шивээ хүрэнгийн боомтоос цааш 80-аад км-т байдаг сууринд ч халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл авсан.
Замын-Үүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдын хавьтлуудыг тодорхойлох зорилгоор 10-14 хоног ажиглана гэж байгаа. Энэ хугацаанд манай урд хил хаалттай байх нөхцөл байдал үүсээд байна. Харин Гашуунсухайт боомттой холбоотой сайн мэдээ байгаа. Өнөөдөр /2021.10.19/ нүүрс ачсан 409 машин урагшаа гарсан байна. Энэ бол сүүлийн 5-6 сарын хугацаанд сонсогдоогүй тоо. Үүнийг нүүрс тээврийн жолооч нарын бөмбөлөгөн систем үр дүнгээ өгч байна гэж харж байна" гэв.