Ойн төлөв байдлыг үнэлэх, арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, судалгаа, зураг төсөл боловсруулахад 12.1 тэрбум төгрөг төсөвлөжээ
10 сарын 28, 2021

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  

Эхлээд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн төслөөс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахыг танилцууллаа. Тэрбээр “малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд ноос, улаан буудай, сүү, мах, арьс ширний урамшуулал олгох арга хэмжээг үргэлжлүүлнэ.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай хөгжүүлэх чиг үүргийг төсвөөр бус харин аж ахуйн тооцоонд шилжүүлж үр ашигтай ажиллуулах боломж байна. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллуулахаар тооцож холбогдох төсвийг шилжүүллээ. Түүнчлэн цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалтын чиглэлээр эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод усны нөөцийг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд ойжуулалт, ойг нөхөн сэргээх, үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг үнэлэх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, судалгаа, зураг төсөл боловсруулахад нийт 12.1 тэрбум төгрөгийг төсөвлөлөө” гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулахдаа тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав. Түүнчлэн, Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.

Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна. Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Уртнасан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон дээрх яамдын холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл болон, түүнд хийсэн аудитын дүгнэлт, танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Б.Саранчимэг, Д.Өнөрболор, Ж.Батжаргал, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авав. 

Тухайлбал гишүүд шинээр мод тарихад хөрөнгө төсөвлөхөөс гадна одоо байгаа ойн талбайгаа хамгаалах, хортон шавжтай тэмцэхэд болон агаарын бохирдлын эсрэг ямар дэвшилтэт технологи ашиглахаар төлөвлөснийг, мөн коронавирусийн үеийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төсөвт ямар бодлого тодорхойлж байгааг, хөдөө аж ахуйн салбар дахь урамшууллыг хэдий хэмжээгээр төсөвт суулгасныг, дотоодын хэрэгцээний нөөцийн мах бэлтгэл,  мал эмнэлгийг чадавхжуулах талаар тус тус тодруулж, хариулт авлаа.  

 Асуулт асууж, хариулт авч дууссанаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар, мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Д.Өнөрболор, Б.Саранчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүд олонхын саналаар дэмжлээ.

Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.