Налайх дүүргийн таван хорооны 16 байршилд шинээр камер суурилуулжээ
11 сарын 12, 2021

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хоёр дүүргийн нутаг дэвсгэрт “Камержуулалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн хүн олноор зорчдог амралт, зугаалгын бүс, сургуулийн орчин зэрэг нийт таван хорооны нийтийн эзэмшлийн гудамж талбайн 16 байршилд шинээр камер суурилуулжээ. Мөн Налайх, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 47 албан байгууллага, 385 аж ахуйн нэгжийн болон 114 нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн камержуулалтыг шалгаж, хяналтын камерт тавигдах стандарт MNS 6423:2019-ийг хангуулах арга хэмжээ авсан байна. 

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил түлхүү үйлдэгддэг нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн байршлын судалгааг гарган, тухайн газруудыг камержуулах талаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулга хүргүүлжээ хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.