Бид Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Мянган оюутны байр"-ны нөхцөл байдлыг сурвалжлахаар 13:00 цагт очлоо.
Найман жилийн өмнө ашиглалтад орсон оюутны байрны үүдэнд овойж товойн хөлдсөн бөөлжистэй зэрэгцэн шороон зогсоол дээр арав гаруй төмөр хүлэг хааш, яаш харан зогсож байв.
Байр баруун болон хойд талдаа хоёр хаалгатай. Хойд хаалганы үүдэнд "Дугуй засвар" хэмээх хаяг байлаа, зөвхөн баруун хаалгаар оршин суугчид ордог аж.
Хаалганы дэргэд тамхи зуучихсан зогсож байсан эмэгтэй бидэнтэй зэрэгцэн байр руу орж ирсэн нь тус байрны жижүүр байлаа. Үүдээр нь оронгуут эхүүн муухай үнэр хамар цоргиож удаан байхаас жихүүдэс хүрмээр орчин угтлаа. Жижүүр "Манайх Асгат сервис хэмээх хувийн компани. Энэ байр одоо түрээсийн байр болсон. Энд цөөн оюутан амьдардаг.
Элдэв асуудал гардаггүй, согтуу хүмүүс эргэлддэггүй, чамайг оруулахгүй" хэмээн ундууцав. Бид учраа тайлбарлаж арай л ам мурийчихсангүй.
Хөөгдөж зогсох үед байрнаас гарч байсан залуугаас “Уучлаарай, өөрөө оюутан уу” хэмээн асуухад “Тийм ээ, яасан юм бол" гэсээр байрны гадаа гараад “Би ИЗОУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Бидэнд чөлөөт цаг бага, зав гарвал цагийн ажил хийж хэрэглээний мөнгөө олдог. Энэ бол оюутны байр биш, нийтийн байр. Бидний хажуу хаалганд гэр бүл амьдардаг" гэв.
Ингээд бид дотогш орлоо. Оюутнууд томоохон рестораны ариун цэврийн өрөө шиг хэмжээтэй хүйтэн өрөөнд гурав, дөрвүүлээ амьдарч байв. Тэд “Маш тухгүй, айж амьдардаг. Сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүй, байр түрээслэх санхүүгийн боломжгүйн улмаас энд амьдарч байна. Угаасаа өөр орох оронгийн сонголт ч байхгүй" хэмээн ярилаа.
Оюутнуудын хувьд амьдрах нөхцөл бэрх ч тэвчихээс өөр аргагүй юм. Залууст спорт заал, кофе шоп, фитнес, цэвэрхэн ариун цэврийн өрөө, “мөрөөдөл" болжээ. Ийм газар интернэтийн хүртээмж, эрүүл мэнд, аз жаргалтай амьдралын талаар бодоод ч хэрэггүй биз.
Оюутны байрны коридороор шөнөдөө хөлчүү эрс холхиж, агсран маргалдаж, оюутан охид залууст нэг ёсондоо үнэгүй “сургалт" ордог аж.
Нарийн коридороор эгнэсэн олон бор хаалганы цаана өөр өөр амьдрал өрнөнө. Нэгдүгээр давхарт хүнсний дэлгүүр байв.
Дэлгүүрийн худалдагч “Оюутнууд бэлэн гоймон, зайдас, ганц хоёр ширхэг сонгино, төмс, граммын банш, газтай ундаа, ширхгийн шампунь худалдаж авах нь элбэг. Оюутнууд маш цөөхөн байдаг, ойрхон паб, караоке, буудал их болохоор шоудаж шартсан залуус бэлэн гоймон авдаг юм шиг санагддаг. Уг нь паб биш номын сан, сагсны талбай хэрэгтэй баймаар” хэмээв.
Байрны хоёр давхар руу гартал ноорхой хаалганууд, ганц нэг хувцас хатаагч харагдана. Эхний арван айлын хаалгыг тогштол гурав нь эзгүй, тав нь түрээслэгч гэр бүл, хоёр нь оюутан амьдарч байв.
Зургаа дахь хаалганд амьдардаг АШУҮИС-ийн оюутан “Номын сантай л байртай болмоор байна. Ингэж амьдрах гэж орон нутгаас аав, ээжээсээ холдон орж ирээгүй юмсан. Гэхдээ бидний санхүүгийн боломж л энэ юм даа" ,
ШУТИС-ийн оюутан Ц.Жавхлан “Шөнө битгий хэл өдөр тайван унтахад хэцүү. Шөнөдөө хэрүүл, зодоон тасардаггүй. Найзтайгаа 250 мянган төгрөгөөр түрээсэлдэг, оройд гэр рүүгээ орохоос айдаг. Бид нэг их зүйл хүсээгүй, бүтэн нойртой л хономоор байна.
Ядаж оюутны байр нийтийнх биш байвал сайхан аа" хэмээн санаа алдав. Тэдний өрөөнд нэг сандал, буланд жижиг буйдан, нөгөө буланд жижиг цаасан хайрцаг дээр гал тогоо нь харагдана.
Хоёр аяга, гурван халбага, нэг сэрээ өрж, харанхуй цонхны зэрэгцээ хананд туузтай медаль өлгөсөн нь гялтганаж байлаа. Эрэгтэй оюутнуудад бохир, архичин, завхай зайдан, замбараагүй гэсэн нэрийдлээр түрээсийн байр олддоггүй. Харин охидод хэт олон байр олдож, зарим нь “Биеэрээ түрээс төлөх" санал тавьдаг гэнэ.
Ирээдүйн их бүтээн байгуулалтын эзэд 19-хөн настай залуус улсын нийслэл Улаанбаатартаа ийм байдалтай амь зогоож байгааг хараад хэнд "гомдох" ёстойг ойлгосонгүй.
Мянган оюутны байрнаас гараад арав алхахгүй савнаасаа сагасан их хог, архины шил. талаар тарчихсан харагдав. Оюутны байртай хамгийн ойр үйлчилгээний төв бол вьетнам авто засвар, тав алхаад зочид буудал, дараалсан гурван караоке, лоунж, баар, компьютер тоглоомын газар байлаа.
Тоглоомын төвөөр ороход дийлэнх нь 20-30 насны залуус сууж байв. Тэдний чөлөөт цагаа өнгөрөөх газрын нэг нь энэ. Харин зочид буудал, лоунж, караокены эзэд оюутнууд орлогынх нь эх үүсвэр биш, лоунжид орсон оюутан хоёр лаазаас илүү шар айраг худалдаж авдаггүй талаар ярьж байв.
Мөн“Жой” хэмээх зочид буудал ажиллуулдаг эмэгтэй "Манайх 21-ээс доош насныханд үйлчилдэггүй. Зочид буудал зургаан өрөөтэй, орон нутгаас нийслэлд ажлаар ирсэн хүмүүс үйлчлүүлдэг" гэв.
Иргэдийн хамгийн сайн мэдэх оюутны байрны орчин ийм л байна. Манай улс шиг оюутны байрныхаа үүдийг “Караоке", “Дэн буудал", “Лоунж" гэсэн улаан бичгээр гэрэлтүүлдэг улс хэр олон байдаг юм бол доо.
Тухайлбал, бидний хөрш БНХАУ-ын их сургууль усан бассейн, номын сан, стадион, сагсны шийд, теннисний талбайтай. Харин гадаад оюутнуудын нийтийн байр гал тогоо. угаалгын газар. спортын заал, өрөө бүр утас, телевиз, агааржуулагч, интернэт. ширээ, номын тавиур. хувийн ариун цэврийн өрөөтэй байдаг тухай БНХАУ-д суралцдаг оюутан Д.Бадамцэцэг ярилаа.
Өнөөдрийн залуус ирээдүйд таны хүүхэдтэй нэг нийгэмд амьдарна гэдгийг хэнбугай ч мартах ёсгүй.