НӨАТ-ын IV улирлын баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, буцаан олголтоо авна уу
1 сарын 3, 2022

2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас дахин санууллаа.

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

  1. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  2. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  3. Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  4. Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.