Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо нь стандартад нийцээгүй, зохион байгуулалтгүй гэж дүгнэжээ
1 сарын 13, 2022

Үндэсний аудитын газраас Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэв.

Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо оновчтой эсэх, чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж байгаа эсэхэд аудитын зорилтыг чиглүүлэн ЗГХЭГ, Сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагчид болон тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагуудын дотоод аудитын үйл ажиллагааг хамруулан аудитыг гүйцэтгэжээ.

Ингэхдээ манай улсын төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцээгүй, үйл ажиллагаа төлөвшөөгүй, нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүй байгааг онцлон дүгнэсэн байна.

Үндэсний аудитын газраас холбогдох гурван газарт нийт зургаан зөвлөмжийг хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.