Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж, шинжилгээгээр хуурамч шатахуун тогтоогдсон тухай мэдээллээ. Тус холбооноос Монгол дахь шатахуун түгээх станцуудын шатахуун, дизель түлшийг дотоодын лаборатори шинжилгээнд хамруулжээ. Мөн ОХУ, БНХАУ-ын лабораторид тухайн шатахуун, дизель түлшийг шинжлүүлэхээр явуулсан аж. Гэхдээ шинжилгээний хариу одоохондоо ирээгүй байгаа талаар мэдэгдэв.
Автобензин, дизелийн түлшийг шинжилгээнд хамруулахдаа ОХУ-ын “Роснефть” компанийн шатахууныг хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холих аргаар гаргаж шатахуунтай харьцуулсан аж. Шинжилгээний үр дүнд “Роснефть”-ийн шатахуун цэвэр тунгалаг байсан бол харин хуурамч шатахуун нь булингартай харагдсан байна.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэлэхдээ "Нефть гэх энэ бүтээгдэхүүнээс 1000 гаруй химийн бодис гардаг юм байна. Энэ олон химийн бодисоос маш олон металл буюу эрдэс бодисыг ялгаж авдаг. Улс орнууд энэ бүтээгдэхүүнээс хэрэгтэй гэсэн зүйлсээ л ялгаж авдаг. Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг. 2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүргэжээ.
2017 онд уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч стандартын бус иргэдийн хэлээд байгаа шиг хуурамч шатахууны мөрөөр шалгалт хийсэн байдаг. МХЕГ-аас “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байна. Энэхүү шалгалтын дүн одоо хүртэл гацсан, Засгийн газарт танилцуулагдаагүй юм билээ.
Өмнөх шалгалтын дүнг танилцуулаагүй хэрнээ дахин хамтарсан ажлын хэсэг зарлажээ. Бид өмнөх ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулаач гэсэн шаардлагыг Засгийн газар хүргүүлж байгаа. Манай холбооноос монголд зарагдаж буй шатахуунд туршилт хийж үзсэн. Нэг хоног шилэн саванд хийхэд ээдээд тал хүртлээ хар тунадас үүсч байгаа юм. Үнэр танар гэж жигтэйхэн хурц үнэртэй. Машин дотор цаг тавихад дотор муухайрч, толгой өвдөх жишээтэй.
Бензин өнгө, үнэрээ алдахгүй тунгалаг байдаг. Монголчууд бид дэлхийн стандартад нийцсэн хурд хүч сайтай машин унадаг. Гэтэл стандартын шаардлага хангаагүй шатахуун хэрэглээд байгаагаа ойлгодоггүй, ойшоодоггүй. Төр ажлаа хийх ёстой” гэв.
ШӨХТГ, МХЕГ-аас хуурамч шатахуун үйлдвэрлэж буй асуудлыг шалгаж, импортлогчдын бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн. “Шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос ШӨХТГ-ыг Хуурамч шатахууны ажлын хэсгийн дүгнэлтээ ил тод зарлахыг шаардлаа. Мөн тус холбооноос хуурамч шатахуун 400-500 шатахуун түгээх станцуудыг нэрлэхэд бэлэн гэдгээ хэллээ.