Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт нийт 1,239 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 997 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Нийт 23 осол бүртгэгдэж, үүний улмаас 23 хүн гэмтэж, хоёр иргэн нас барсан байна.
- Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 19 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж бэртсэн байна.
- Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 4 осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.
Энэ долоо хоногт явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 17 осол бүртгэгдэж, 17 хүн гэмтсэн байна. Тэдний дөрөв нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна.
Энэ долоо хоногт явган зорчигч хэлбэрээр автомашинд мөргүүлж гэмтсэн хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 41 хувиар өсжээ. Замын хөдөлгөөнд явганаар оролцох үедээ мөргүүлсэн иргэдийн дунд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цөөнгүй байгаа аж. Иймд иргэд архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн найз нөхөд, хамт олныгоо хараа хяналттай ар гэрт нь хүлээлгэн өгөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.