ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан коронавирусийн тандалт, хариу арга хэмжээ, илрүүлэгтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр "Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 60 хувь нийслэлд, 40 хувь орон нутагт байна. Өмнө долоо хоногтой харьцуулахад орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөөд байгаа. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт олон тохиолдол бүртгэгдэж байна. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан. Одоо нэмэгдсээр 30 хувь хүрч зургаа дахин нэмэгджээ. Өмнөх давлагааны буюу дельтагийн халдварын үед шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн оргил үедээ 33 хувьтай болж байсан.
Эмнэл зүйн хувьд эрчимт эмчилгээний заалттай нэн хүнд хүний тоо 0.7-0.8-ын хооронд байна. Харин дельтагийн үед эрчимт эмчилгээний заалттай хүн 2.2-2.3 хувь, альфагийн үед 2.7-2.8 хувьтай байсан. Омикроны давлагаа альфа болон дельтатай харьцуулахад нэн хүнд хүний тоо 2.5-3.5 дахин бага байна. Нас баралтын тухайд өмнөх хоёр давлагаанаас бараг 10 дахин бага үзүүлэлттэй байна.
Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь нийслэлд, 60 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд зургаан аймаг дэгдэлтийн түвшинд, 12 аймагт томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар есөн вирус бүртгэгдээд байна.
Вакцины бүрэн тунд хамрагдсан 2.1 сая хүн байгаа бол хоёр хоногийн өмнө дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо нэг саяыг давлаа. 78 мянган хүн дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд хамрагдаад байна" гэлээ.