Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн дөрөв дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаанд хориглох шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.
Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна. Дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр ихээр гардаг байна. Энэ жил Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 70 гаруй хувь цас багатай хавар эрт хуурайшилт үүсэж ой хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй болоод байгаа мэдээ бий. Зөвхөн тус дархан цаазат газарт сүүлийн гурван жилд гарсан томоохон хэмжээний түймрийн дүн мэдээг харахад нийт 203 га талбай түймэрт нэрвэгдэж ойн санд учирсан хохирлын хэмжээ 204 105 000 төгрөг болжээ. Гэтэл тухайн үед БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас авсан мэдээллээр бугын ясан эвэр түүж бэлтгэж экспортлох эрх авсан зургаан аж ахуйн нэгжээс улсын төсөвт 30 сая төгрөгний хураамж төлсөн байна.