“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой аж.
Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс уригдан оролцсон байна.
Тус зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгааг мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлд 120 сая мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах болсныг хэлэхэд таатай байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он хүртэл ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12.948 га газарт 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн.
Улаанбаатар хот төрөөс гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодитой тооцоолол хийж, өнөө цагийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг үр дүнтэй хэрэглэн, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлан ажиллах болно. Энэ хүрээнд ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэрэг ажлыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллана. Мөн мод ургуулсан сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол орны нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртөөд байгааг дурдаад, усны нөөцийг хамгалаах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгосон. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэхүү хөдөлгөөнийг баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, иргэд дэмжиж, мод тарих аянд идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Нийслэл хотын хэмжээнд мод тарих хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, цаашид өрнүүлэх хөдөлгөөний талаар өнөөдөр хэлэлцэж байна. Аймгууд тус бүрдээ зөвлөгөөн зохион байгуулсан. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгснийг энд дурдъя. Эко систем, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн манай улсын бус, бүс нутгийн, цаашлаад дэлхий нийтийн асуудал. Тиймээс дэлхий нийтийг хамарсан их аянд нийслэлчүүд та бүхэн нэгдэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.
Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ хувийг ой сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр талбай ногддог бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоог багадаа есөн ам метрт хүргэхийг зөвлөж буй. Тиймээс манай хотын хувьд дэлхийн улс орнуудын туршлагаас суралцан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх боломжтойг зөвлөгөөний үеэр хөндсөн. Австрали Улс 20 сая мод тарьж ургуулсан туршлагадаа тулгуурлан Монгол Улсын нэгэн адил нэг тэрбум мод тарьж ургуулахаа амласан бол Непал Улс мод тарих хөдөлгөөнөө ядуурлыг бууруулах аянтай нэгтгэн зохион байгуулжээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр мод тарих нь иргэдэд амьжиргааны эх үүсвэр төдийгүй ажлын байр бий болгох, цаашлаад бизнес болгон өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг дурдсан.
Зөвлөгөөний индрээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Ногоон хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Төр иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь юм. Иймд ойн стратегийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран эхлүүлээд байна. Ойрын хугацаанд энэхүү стратеги тодорхой болно. Нийслэлд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж буй иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох зэрэг системийг бий болгох хэрэгтэй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гарган, паркийн газрыг чөлөөлснийг иргэд маш тааламжтай хүлээж авч байгаа. Паркийн газрыг ногоон байгууламжаар үлдээх хэрэгтэй. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдийн аятай тухтай амьдрах орчныг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой” гэлээ.