Б.БАТТӨМӨР: Хөгжлийн банканд хийсэн удаа дараагийн шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн байдалд хүргэлээ
3 сарын 29, 2022

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Сонсголын эхэнд уг банканд шалгалт хийхээр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дүгнэлтээ танилцуулсан юм. 

Тэрээр “Хөгжлийн банканд 110-аад ажилтан дөрвөн дэд захирал, нэг гүйцэтгэх захиралтай баг ажиллаж байна. Хийж байгаа ажилдаа тохирсон баг ажиллах ёстой. Тус банканд хийсэн удаа дараагийн шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн байдал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээлийг олгоод байна. 

  1. Ким Жан Жин гэдэг Солонгос захирлын үед буюу 2013 оны тавдугаар сараас өмнө “Хөтөл” компани болон ТОСК-ийн зээлүүд олгогдсон,
  2. Б.Шинэбаатар ТУЗ-ийн дарга, Н.Мөнбат гүйцэтгэх захирлын үед Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК, Монполимет компаниудад зээл олгосон,
  3. Б.Даажамба, М.Баярмагнай нарын удирдлагын үед Б.Батбаяр, НВЦ, "Монгол драй милк" компаниудад,
  4. Г.Амартүвшин захирлын үед зургаан зээл,
  5. Н.Мөнхсүхийн үед хоёр зээл олгогдсон байна" гэлээ.