Багануур дүүргийн Засаг дарга мэдээлэл хийв
5 сарын 28, 2018

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв. Тэрбээр дүүргийн төсөв, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.

Багануур дүүрэг өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогоо 104 хувиар давуулан биелүүлж, энэ оны төвөлгөөний гүйцэтгэл ч сайн байгаа аж. Тус дүүрэгт энэ онд улс, нийслэлийн төсвийн болон дүүргийн ОНХС-ын хөрөнгө оруулалтаар нийт 8237.5 сая төгрөгийн төсөл хэрэгжих юм байна. 21 төсөл арга хэмжээнийн ажлын явц 50-60 хувьтай байгаа аж.

Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүрэгт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байгааг дурьдаад үүнийг шийдвэрлүүлэх саналаа ч хурлын үеэр танилцуулсан. Тухайлбал, төсвийн өр энэ оны 4 дүгээр сарын байдлаар 146.2 сая төгрөг, үүний тогтмол зардлын өр 109.9 сая төгрөг байгаа нь хангагч байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлыг хангахад хүндрэл учруулж байгаа тул төсвийн тодотголд зайлшгүй нэмж тусгуулах саналтай байна. Өр үүсэх болсон шалтгаан нь дүүргийн ус суваг болон ДЦС үнэ тарифаа өсгөсөнтэй холбоотой гэдгийг тэрбээр тайлбарласан. Мөн дүүргийн Автожим ОНӨААТҮГ-т гэрэлтүүлэг, цэвэрлэгээний зардалд олгодог санхүүжилтэд НӨАТ тооцож байгаа нь тухайн байгууллагад хүндрэл гарч, төсвөөс шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн рашаан, ус ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг орон нутгийн байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын ундны баталгаат эх үүсвэр, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээнд хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг тэрбээр саналдаа дурьдсан. Мөн тэрбээр газрын төлбөр, дуудлага худалдааны 30 хүртэлх хувийг дүүрэг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болох нь дүүрэгтээ их чухал болохыг хэлж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.