Шүүхэд хүлээн авсан эрүүгийн хэргийн тоо 26,1 хувиар буурчээ
3 сарын 30, 2022

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 1 дүгээр улиралд өмнөх оны үлдэгдэл 8 хэрэг дээр нэмж 42 эрүүгийн хэргийг шинээр хүлээн авчээ.

Нийт 50 эрүүгийн хэргээс 4 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 34 хэргийг шийдвэрлэж, 12 хэргийн үлдэгдэлтэй байна. Хүлээн авсан нийт хэргийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 12 хэргээр буюу 26,1 хувиар буурсан үзүүлэлттэй аж.

Шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах 1, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 13, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 3, хулгайлах 3, залилах 2, мал хулгайлах 3, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 4, бусад хэрэг 5 байна.

Нийт 34 хүнд ял оногдуулснаас 8 хүнийг хорих ялаар, 15 хүнийг торгуулийн ялаар, 4 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 7 хүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 3 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсжээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 46,4 сая төгрөг байна.