Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" зарлиг гаргажээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрээр "Өнөөдөр манай улсад жилд 4,500 гаруй хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж буйг судалгаагаар тогтоожээ. Мөн 21-ээс дээш насны нэг иргэнд жилд ногдох цэвэр архины хэмжээ 12 литр, нийт согтууруулах ундааны хэмжээ 54 литр байгаа нь ДЭМБ-аас тогтоосон түвшнээс өндөр байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар өндөр хатуулагтай архи, согтууруулах ундаанд ногдуулж буй онцгой албан татварыг нэмэх эрх зүйн орчин бүрдэнэ. Өнөөдрийн шатлалаар 0-25% хатуулагтай согтууруулах ундаанд 3,480 төгрөг, 25-40% хатуулагтай архи, согтууруулах ундаанд 6,960 төгрөг, 40%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаанд 15,660 төгрөгийн татвар ногдуулж байгаа. Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжсэнээр 10 жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны хатуулгийг жил бүр хоёр хувиар бууруулна. Тухайлбал, хоёр хувь буурсан эхний жилд 36%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 6,960 төгрөгөөс 15,660 төгрөг болж нэмэгдэх юм. Улмаар жил бүр хоёр хувиар бууруулж, 10 жилийн дараа 18%-аас дээш хатуулагтай архи, согтууруулах ундаа өндөр татвартай ангилалд шилжсэн байх юм. Харин архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах болон архи, согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулахаар тусгасан" хэмээв.
Холбоотой мэдээ