Инфляц өмнөх оны мөн үеэс 14.4% болж өсжээ
4 сарын 14, 2022

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 4 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Инфляц 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.6 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 16.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 23.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны гуравдугаар сард 6.7 хувь, 2020 оны гуравдугаар сард 6.4 хувь, 2021 оны гуравдугаар сард 2.5 хувь гарсан бол 2022 оны гуравдугаар сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 11.9 нэгж хувиар нэмэгдсэн байна. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Инфляц 2022 оны гуравдугаар сард 14.4 нэгж хувь гарсны 52.1 хувь буюу 7.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 16.1 нэгж хувь, өмнөх сараас 1.4 нэгж хувиар нэмэгджээ.

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 2021 оны гуравдугаар сард 7.4 хувиар, 2022 оны гуравдугаар сард 16.6 хувиар өсөж, өсөлтийн хурдац 9.2 нэгж хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны гуравдугаар сард 0.2 хувиар, 2022 оны гуравдугаар сард 13.4 хувиар өсөж, өсөлтийн хурдац 13.2 нэгж хувиар тус тус нэмэгджээ.