Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээлж байсан6 Тэгвэл Монгол Улсад анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан оруулж ирсэн талаар АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын төвд 4 өрөө байр болгон мөнгө угаасан гэмт үйлдлийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж шүүгдэгчид ял оногдуулсан байна.
Хэргийн холбогдогч нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн хахуулийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулсан буюу оффшор компанийн Бүгд Найрамдах Латви улс дахь банкны данснуудаар авсан. Энэ гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө, орлого буюу 4,347,312,050 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө байр худалдан авч мөнгө угаасан байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж ”Asset recovery” буюу хулгайлагдсан хөрөнгийг улсад эргүүлэн авчээ.
Энэ гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөх байгууллагын мөрдөгчид Бүгд Найрамдах Латви Улc, Британийн Виржинийн Арлууд улс руу “Mutual legal assistance” буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт илгээн хэрэгт ач холбогдолтой мэдээлэл гаргуулан авах, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нэгжлэг хийх, бодит хохирлыг тогтоохоор үнэлгээ хийлгэх зэрэг мэргэжлийн ур чадвар, цаг хугацаа шаардсан ажиллагаануудыг явуулж, хэргийн холбогдогчийн гэмт үйлдлийг хөдөлшгүй нотлох баримтуудаар нотолсон аж.