Т.Доржханд: Маргааш талбайн тайван жагсаал дээр залуус өдрийн хоолны цагаараа хүрээд ирээрэй
5 сарын 4, 2022

ХҮН өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд маргааш төв талбайд болох тайван жагсаалд залуусыг ирэхийг уриаллаа. Тэрбээр “Бид өөрсдийн бодлогоо тодорхойлж, үзэл санаа, намын дүрмээ өөрчилсөн. Үр дүнд нь бизнес эрхэлдэг залуус, судлаачид, эмэгтэйчүүд ХҮН-ыг дэмжье, нийтээрээ ирэх 30 жилийг хамтдаа бүтээе гэсэн санал, хүсэлт ирж байна. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгч залуус, гаднын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг түнш, судлаачид, ээж нар, салбарын мэргэжилтний төлөөллийг өнөөдөр гишүүдээр бүртгэж авч байна. ХҮН салбар бүрийн мэргэжилтнээр гишүүдээ тэлж байна. Цаашид 21 аймаг, есөн дүүрэгт үйл ажиллагаагаа тэлж ажиллана. Бидний ажил эрчтэй явах болно. Өөрөөр хэлбэл том төртэй эрх чөлөөгүй Монгол Улс байх уу, эсвэл ирэх 30 жилдээ бодлого хандлагаар залуус оролцоотой явах уу гэдэг торгон заагт байна. Энэ заагт залуус үзэл бодлоо илэрхийлээд, хамтарч ажиллаж байгаад таатай байна. Намын хатуу гишүүнчлэлийг бид дэмждэггүй, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явах саналтай гишүүдийг албан ёсоор гишүүнээр бүртгэж авдгаараа бусад намаас ялгаатай. Маргааш талбай дээр тайван жагсаал зохион байгуулна. Залуус өдрийн хоолны цагаар хүрээд ирээрэй. 12.00-15.00 цаг хүртэл үргэлжилнэ. Залуусынхаа найдвар тээж буй гал цогийг унтрааж болохгүй. Энэ удаагийн тайван жагсаал “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн уриан дор тогтолцооны өөрчлөлт, тодорхой шаардлага тавьсан тайван жагсаал байх болно” хэмээв.