Махны үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй бодис хэрэглэж байсан гэв
5 сарын 26, 2022

   Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ-аас мэдээлэл хийлээ.

НМХГ "Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодисын гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан ба үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан. Тиймээс Нийслэлийн прокурорын газарт тавдугаар сарын 19-ний өдөр үйл ажиллагааг нь зогсоох тухай саналыг хүргүүлсэн. Түүнчлэн мах боловсруулах үйлдвэрт байсан цагаан нунтгаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжүүлсэн. Улмаар цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц болохыг тогтоосон. Тиймээс “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагааг хүчингүй болгосон. Тэгэхээр цаашид энэ компанийн нэрээр мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй гэсэн үг.

Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 28 үйлдвэр хяналт шалгалтад хамруулсан. Шалгалтын үнэлгээ хараахан гараагүй байна. Түүнчлэн адууг зүй бус нядалж байна гэх мэдээлэл гарсан. Энэ нь 2017 оны зураг, мэдээлэл болох нь тогтоогдсон" гэлээ.