Сүхбаатарын талбайд жуулчдад зориулсан дархлаажуулалтын цэг нээгдлээ
5 сарын 27, 2022

   Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас санаачлан коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтын явуулын цэгийг Сүхбаатарын талбайд байршуулжээ.

Ингэхдээ өдөрт хийх вакцины тодорхой хэмжээ заагаагүй тул иргэд ч нээлттэй үйлчлүүлэх боломжтой гэнэ. Тус цэг нь есдүгээр сарын 20-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09-16 цаг, амралтын өдрүүдэд 10-15 цагийн хооронд иргэд болон, жуулчдад нээлттэй ажиллана. Вакцин хийлгэх гадны жуулчид гадаад паспорт, үнэмлэхийн дугаараар мэдээллээ бүртгүүлээд Файзер, Синафарм хоёр төрлийн вакцин хийлгэж болох аж.


Одоогийн байдлаар тухайн цэгийн цахилгааны ажил явагдаж дуусах шатандаа явж байгаа бол гадна талбайд вакцин хийлгэсэн иргэдийн амрах асрыг байгуулах ажил төлөвлөгдөж байгаа гэнэ.